ДЭМБ: Халдвар авсан хүний тоо удахгүй 10 САЯ ДАВНА гэж таамаглаж байна
Дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний тоо ирэх долоо хоногт 10 сая давна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага таамаглаж байгаа тухай тус байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.
Халдвар авсан хүний тоо хэдийнээ 9.1 сая давж, халдварын улмаас 470 мянга хүн нас баржээ.
Тедрос Аданом Гебрейесусын тооцоолж байгаагаар, халдвар авсан хүний тоо долоо хоног тутамд 1 саяаар нэмэгдвэл өдөрт 620 мянга орчим шоо метр хүчилтөрөгч буюу ойролцоогоор 88 мянган баллон хүчилтөрөгч шаардлагатай аж.
"Олон орон хүчилтөрөгчийн аппарат олж авахад хүндрэлтэй байна. Үүний зэрэгцээ тус барааны зах зээлийн 80 хувийг хэдхэн цөөхөн компани эзэмшдэг. Гэтэл эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байна. Хүчилтөрөгчийн аппарат хамгийн их хэрэгцээтэй байгаа орнуудад туслахын тулд бид түншүүдтэйгээ хамтран ийм аппарат үйлдвэрлэдэг газруудтай ажиллаж байгаа. Ойрын долоо хоногуудад ДЭМБ 14 мянган хүчилтөрөгчийн аппаратыг 120 улс руу илгээнэ. Ирэх 6 сарын хугацаанд 100 сая ам.доллар бүхий дахиад 170 мянга аппарат шаардагдана” гэж ДЭМБ-ын тэргүүн хэлжээ.
Эх сурвалж: TASS
|