БНСУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх “Ким Чен Ун амьд сэрүүн, бие нь сайн байгаа” гэж хэлжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эрүүл мэндийн талаарх таамаглалууд газар авч эхэллээ. БНХАУ-ын эмч нарын баг Пхеньянд очсон тухай болон Ким Чен Уны хуягт галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой мэдээллүүд одоогоор баталгаажаагүй байна.
36 настай удирдагчийг зүрхний мэс засалд орж, биеийн байдал нь хүнд байгаа талаар АНУ-ын албаны хүмүүс мэдээлсний дараа тодорхойгүй зүйл олон байсаар байна. Тэрбээр сүүлийн хоёр долоо хоног олны өмнө гараагүй юм. Хэдий тийм боловч БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Иний Гадаад бодлогын зөвлөх Чун Ин Мун “БНАСАУ-ын удирдагч амьд сэрүүн, бие нь сайн байгаа” гэж CNN-д ярилцлага өгөх үедээ хэлжээ.
Мөн ням гарагт “38 north” веб сайтад нийтэлсэн хиймэл дагуулын зургаас харахад Ким Чен Уны хуягт галт тэрэгтэй адилхан галт тэрэг Воньсань хот дахь байгууламжийн ойролцоо байжээ.