COVID-19: АНУ-д халдвараар нас барсан хүний тоо 50,000-ын босгыг давжээ
Өчигдөр буюу Баасан гарагт коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо АНУ-д 50,000-ын босгыг давжээ. Энэ нь сүүлийн 10 хоногийн хугацаанд хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Тус улсад нийтдээ 880,000 гаруй хүн халдвар аваад байгаа бөгөөд энэ сар гарсаар өдөрт дунджаар 2,000 хүн нас барсан байна. Эндэгдлийн тоог зөвхөн эмнэлэг, асрамжийн газарт илэрснээр бүртгэж байгаа ба гэртээ нас барсан хүмүүсийн тоог оруулаагүй байна.
АНУ-д нас барсан нийт хүмүүсийн 40 хувь нь тахлын хамгийн том голомт Нью Йорк мужид оногджээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр цар тахалд хямарсан эдийн засгаа сэргээхэд дэмжлэг үзүүлэх $484 тэрбумын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хуулинд гарын үсэг зурсан юм.
Энэхүү мөнгийг жижиг бизнесүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, эмнэлгүүдийг санхүүжүүлэх, оношлуурын хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулах ажээ.