Дональд Трамп БНАСАУ-ын удирдагчийн талаарх мэдээллийг “ҮНДЭСЛЭЛГҮЙ” гэж үзжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны биеийн байдал хүнд байгаа гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлснийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “үндэслэлгүй” гэж үзэж байгаагаа өчигдөр илэрхийлжээ.
“Тэдгээр мэдээг үндэслэлгүй гэж би бодож байна. Тэднийг хуучин баримт дэлгэсэн гэж би сонссон” хэмээн Д.Трамп Цагаан ордонд болсон коронавирусний асуудлаарх хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
“Ким Жөн Уны биеийн байдал мэс засалд орсны дараа “маш хүнд байна” гэх мэдээллийг АНУ шалгаж байна” гэж “CNN” суваг энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн.
БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ир Сений мэндэлсний 108 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 15-нд зохион байгуулсан ёслолын арга хэмжээнд Ким Жөн Ун анх удаа оролцоогүй бөгөөд үүний дараа бие нь муудсан гэх мэдээлэл гарч эхэлжээ.
Харин өчигдөр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү бүсгүй Ким Ё Жон Хойд Солонгосын шинэ удирдагч болж магадгүй талаар Японы хэвлэлүүд мэдээллээ. 2019 оны сүүлээр болсон Хөдөлмөрийн намын хурал дээр Ким Жон Ун хэрэв өөрөө улс орноо удирдаж чадахгүй байдалд орох юм бол дүү нь засгийн эрхийг авах болно гэсэн шийдвэрийг батлуулсан байна.