Цуцлагдсан болон цуцлагдаагүй ТЭМЦЭЭНҮҮД

2020 оны 4 сарын 14

Arslan.mn

Цар тахал хэмээн нэрлэгдээд байгаа коронавирусын улмаас спортын олон тэмцээнийг цуцлаад байгаа. Тиймээс спортын ертөнц дэх мэдээллийг цахим хуудаст юу гэж бичсэн талаар хүргэе.

Уимболдоны теннисийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх жил хийнэ

Талбайн теннисийн их дуулгын цуврал тэмцээнийг зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 12 хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн ч коронавирусын улмаас цуцалсан гэж Бүх Английн зүлгэний теннисийн клубээс мэдээлжээ. Энэ клуб болон аварга шалгаруулах тэмцээний асуудлыг хариуцдаг хорооноос 2020 оны аварга шалгаруулах тэмцээнийг олон нийтийн эрүүл мэндийн асуудалтай холбоотой, олон орныг хамраад байгаа цар тахлын үеэр цуцалж байна гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Тиймээс 134 дэх удаагийн тэмцээнийг ирэх жилийн зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 11 хүртэл зохион байгуулахаар болжээ.

1940-1945 он хүртэл үргэлжилсэн эх орны II дайны улмаас зохион байгуулагчид нь тэмцээнийг хориглосноос хойш 75 жилийн дараа анх удаа цуцлагдаж байгаа тохиолдол юм байна.

Мөн олон улсын эрэгтэй, эмэгтэй мэргэжлийн теннисчдийн холбооноос эрэгтэй, эмэгтэй мэргэжлийн теннисийн тэмцээнийг долдугаар сарын 13 хүртэл ялангуяа, зүлгэн дээрх теннисний тэмцээний бүх улирлын тоглолтын хугацааг хойшлуулсан байна. Аварга шалгаруулах тэмцээний тов хойшилсноор өнгөрсөн жилийн Уимболдоны аварга Сербийн тамирчин Новак Жокович, Румын улсын тамирчин Симона Халеп нар аваргын цолоо хамгаалж чадахгүй болжээ. Тэмцээний хугацааг хойшлуулсан өөр нэг шалтгаан нь өвсний чанар нөлөөлсөн гэж Бүх Английн зүлгэний теннисийн клубээс мэдэгдсэн байна. Түүнээс гадна тоглолтыг хаалттай хийхээс татгалзжээ.

Харин жил бүр болдог газрын теннисийн тэмцээнийг зохион байгуулагч нар ирэх сарын 24-нөөс зургадугаар сарын 7 хүртэл болох ёстой байсан Францын нээлттэй тэмцээнийг санал нэгтэйгээр есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 4 хүртэл хийхээр  дахин төлөвлөжээ. Энэ нь улирлын дөрөв дэх “US Open” том тэмцээн болсноос хойш долоо дараа болно гэсэн үг аж. Мөн АНУ-ын тэмцээнийг зохион байгуулагч байгууллага энэ тэмцээнийг наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 13 хүртэл хийхээр төлөвлөсөн хэвээр байгаа гэж мэдэгдсэн байна.

Мартин Слумберс “Тэмцээнийг хийх бүх боломжийг судалсан”  гэв

Дэлхийн хамгийн эртний спортын нэг эх орны II дайнаас хойш цуцлагдаж байгаагүй Их Британийн нээлттэй гольфийн 2020 тэмцээнийг коронавирусын улмаас цуцалсан байна. Энэ тэмцээн нь Их Британийн өмнөд нутаг дахь  коронавирус гарсан Сэндвич хотын эзэн хаан Жоржийн нэрэмжит гольфийн клубт  долдугаар сарын 12-19-нд болох байсан ч ирэх жилийн долдугаар сарын 11-19-нд энэ хотод болно.

2022 онд болох 150 дахь удаагийн тэмцээнийг долдугаар сарын 10-17-нд Шотландын Сент Андрус хотод хийнэ гэж зохион байгуулах хотын Сент Андруссын Хаантны болон хуучин гэсэн утгатай “Royal and Ancient” гольфийн клубээс мэдээлсэн байна.

Мөн АНУ-ын гольфийн гурав дахь нээлттэй тэмцээн “Гранд Слам”-ыг зургадугаар сард хийх байснаа цуцалж, есдүгээр сарын 17-20 хүртэл зохион байгуулахаар болжээ. Мөн мэргэжлийн гольфийн аварга шалгаруулах тэмцээнийг наймдугаар сарын 6-9 хүртэл,  Августын мастеруудын тэмцээнийг арваннэгдүгээр сарын 12-15 хүртэл зохион байгуулах юм байна.

Никарагуагийн  дээд лиг

Никарагуагийн иргэд бүх зүйл хэвийн байгаа гэж санагдахаар өдрүүдэд амьдарч байна. Бүх сургууль, коллеж нь ажиллаж, эх орноосоо явж, ирэхийг нь хориглоогүй, хөл хорио байхгүй, спортын гол арга хэмжээ, тэмцээнүүд болж орон нутгийн бейсбол, хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдож байгаагаараа бусад Америк тивийн орнуудаас ялгагдаж байна. Тухайлбал, хамгийн том хөлбөмбөгийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнд лигийн 10 баг өрсөлдөж байна. Хэдийгээр тэмцээнийг өнгөрсөн сарын 20-ноос хаалттай зохион байгуулж багууд тоглож байгаа ч тэмцээний нээлтийг зурагтаар болон фэйсбүүкээр шууд дамжуулан үзүүлжээ. Никарагуа улсын Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Хосе Марья Бермудес тэмцээний үеэр ариун цэврээ сахих дүрмийг даган мөрдөж байна. Гэвч тус улсын багийн зарим тоглогч халдварт өвчин тархаад байгаа энэ үед тоглохоос айж байна гэжээ. Багийн хаалгач Карлос Москиера Саванас “Сэтгэл санаагаа тоглолтдоо төвлөрүүлж чадахгүй байна.  Үргэлж өрсөлдөгч багийн хэн нэг нь энэ өвчинтэй байж болно гэж бодож байна” гэж “Ройтерс” агентлагт ярьжээ.

Европын тэмцээн зохион байгуулж байгаа ганц прьемер лиг

Белоруссын  прьемер лигийн тоглолт энэ тивд болж байгаа цорын ганц лиг.  Ерөнхийлөгч  Александр Лукашенко “Коронавирусаас айх хэрэггүй” хэмээн бодож байгаа аж. Тиймээс орон нутгийн лигийг цуцлаагүй бөгөөд олон орны хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг татна гэв. Москва дахь “ВВС”-ийн сэтгүүлч Сара Райнсфорд ОХУ-ыг оролцуулаад 11 орон тэмцээнийг шууд дамжуулах эрхийг худалдан авч үзүүлэхээр болсон гэж мэдээлжээ. Гэхдээ орон нутгийн бүх иргэн энэ санааг нь дэмжихгүй байгаа аж. ДЭМБ-аас Белоруссын лигийн тэмцээнд оролцож байгаа хүмүүсийг аюулд учруулахгүйн тулд зогсоохыг шаардсан байна. Белоруссын Эрүүл мэндийн сайд Владимир  Караник  хөлбөмбөг болон бусад арга хэмжээг зогсоох нь миний үүрэг биш гэж хариулжээ. Түүнээс гадна энэ тэмцээнийг хийхийг дэмжиж байгаа тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенко “Сөгдөж амьдарснаас босоогоороо үхсэн нь дээр” гэж  мэдэгдсэн байна. Энэ оронд хөлбөмбөгөөс гадна зүлгэн дээрх хоккейн тоглолт болж байгаа аж. Тэрээр “ОХУ-д юу болж байгааг харж байна. Тэнд манай хөлбөмбөгийн багуудыг мэддэггүй байсан хүмүүс мөрийцөж их мөнгө олж байна” гэв.

Амстел лиг   

Баруун Африкийн Бурунди улсын хөлбөмбөгийн холбоо энэ сарын 5-нд тус улсын 16 багийн төлөөлөгчид хуралдсаны дараа орон нутгийн тэмцээн Амстел лигийг зохион байгуулахаар болсон  байна. Гэхдээ тамирчид тоглолтын өмнө гараа угаах,  өрсөлдөгч багийнхан, шүүгч нартай гар барьж мэндлэхгүй байх, гоол оруулахдаа зайгаа барих ёстой гэж зааварлажээ.

Коронавирусын халдвар бүртгэгдээгүй орон

Африкт болж байгаа хөлбөмбөгийн тэмцээн дуусах дөхөж байгаа үеэр Азийн нэг оронд хөлбөмбөгийн тэмцээн дөнгөж эхлээд байна. Төв Азийн Тажикстан  хэдийгээр цар тахал анх гарсан БНХАУ-тай хиллэдэг ч энэ өвчний тохиолдол гарсан гэж бүртгэгдээгүй цорын ганц оронд энэ сарын 4-нд улсынхаа аварга шалгаруулах тэмцээний нээлтийг хийжээ. Хаалттай хийсэн тоглолтын шилдэг цомын эзнээр “Истиклол”, “Кужанд ФС” баг дэд аваргаар шалгарсан байна. Мөн Тайванийн  Засгийн газар тэмцээн зохион байгуулахыг зөвшөөрсний дараа хөлбөмбөгийн лигийг зохион байгуулж байгаа тав дахь орон болжээ. Эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн бямба гаригт,  премьер лигийн тэмцээн уржигдар эхэлсэн байна. “Хан Юэн” “Тайченг Леонс” багийг 4:0-ээр хожиж тэмцээнийг тэргүүлж байгаа аж. Мөн гурван долоогийн өмнө коронавирусын улмаас хойшлуулсан Туркменистаны хөлбөмбөгийн лигийн тэмцээн энэ сарын 19-нд эхэлнэ гэж тус улсын Хөлбөмбөгийн холбооноос мэдэгджээ. “Алтун Асур” болон Копетдаг тоглож тэмцээнийг нээх аж.

Х.Оюунболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615995
0 эможи
keyboard_arrow_up