Унгарын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан МОНГОЛ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

2020 оны 4 сарын 08

Arslan.mn

Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Дипломат академи, тэтгэлэгт хөтөлбөрийн асуудал хариуцсан ТНБД Оршолёо Пачай-Томашич тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан гадаадын иргэдэд зориулж мэдээлэл гаргасныг БСШУСЯ-наас бэлтгэн хүргэжээ.

Үүнд:

Шинэ төрлийн коронавирусний цар тахал дэлхий даяар хурдацтай тархаж буйтай холбогдуулан Унгар улсад 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн онц байдал зарлаад байна. Тархалтыг бууруулах хүрээнд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихгүй, мөн олноороо цуглахгүй байхыг зөвлөж байна. Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр гэр орон, нутаг руугаа буцах нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай. Нутаг буцах нь тухайн оюутны эрх учраас аливаа хориг тавихгүй боловч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд нутаг буцсан тохиолдолд Унгар Улсад буцаж ирж, тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болно.

Гадаад оюутан халдвар авсан тохиолдолд Унгар Улсад мөрдөгдөж буй эрүүл мэндийн болон холбогдох бусад хууль тогтоомж, хүний эрхийг дээдлэх зарчмын дагуу гадаад улсаас Унгар Улсад суугаа Элчин сайдын яам болон холбогдох байгууллагад мэдээлэл өгөхөөс татгалзана. Харин тухайн иргэн өөрөө зөвшөөрвөл түүний талаарх мэдээллийг холбогдох байгууллагад өгч болох юм байна.

Халдварын тархалт, нөхцөл байдал удаан үргэлжлэхэд хүрвэл 2020 оны хичээлийн жилд төгсөх оюутнуудын асуудалд боловсролын байгууллагууд онцгой анхаарал хандуулж байгаа. Төгсөлт болон шалгалтуудыг хэрхэн зохицуулах талаар сургууль тус бүртэй ярилцсаны үндсэн дээр шийдвэр гаргах болно. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийн журмын дагуу оюутнууд тэтгэлгээ сунгуулах хүсэлтээ гаргах боломжтой ба энэ нь докторын зэрэг хамгаалах оюутнуудад хамаарахгүй болно.

Ирэх хичээлийн шинэ жилд элсэн суралцах гадаад оюутнуудын элсэлтийн шалгалт хэвийн явагдана гэдгийг их, дээд сургуулиуд мэдээлсэн. Их, дээд сургуулиудтай холбогдож, элсэлтийн шалгалтын асуудлаар мөн үргэлжлүүлэн ярилцах болно. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутнууд төлөвлөсөн хуваарийн дагуу өөрийн улсаас Унгар улсад хүрэлцэн ирэх хэдий ч одоогийн нөхцөл байдал, виз болон визтэй холбоотой бусад асуудал, Унгар улсад ирэх зэрэг гадаад болон дотоод хүчин зүйлийн улмаас тодорхой хэмжээний өөрчлөлт орж болзошгүй юм.

Нутаг буцалгүй Унгар улсад үлдэж буй оюутнуудын хувьд тэтгэлэгт хөтөлбөрийн дагуу орон байр, амьдрах зардал, эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн бусад үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэх болно.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд Унгар улсаас гарч явах тохиолдолд өөрийн сургуульдаа мэдэгдэх шаардлагатай. Гадаадад 30 хоногоос дээш хугацаанд зорчих бол Унгар улсад буцаж ирэх хүртэлх хугацаанд оюутны байр болон бусад эрхээ эдлэхгүй. Энэ нь тэтгэлгийг цуцалж байгаа хэрэг биш. Унгарын дээд боловсролын тухай хуулийн 45 (2) дугаар зүйлд заасны дагуу тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд чөлөө авах боломжтой бөгөөд чөлөөтэй байх хугацаанд аливаа тэтгэлэг авах эрхгүй болно.

2019-2020 оны хичээлийн жилд суралцаж буй оюутнуудын хичээл, сургалтыг цахимаар явуулж байгаа ба зайны сургалт буюу цахим сургалт, хөтөлбөрийн хэрэгжилт, зохицуулалтыг тухайн их, дээд сургууль нь хариуцаж буй.

Онц байдал болон хорио цээрийн үед цөөн тооны нислэг Унгар улсаас үйлдэгдэж байгаа. Унгар улстай хил залгаа орнууд онц байдал зарлаж, хилийн хорио тогтоосонтой холбогдуулан нийтийн тээвэр (автомашин, галт тэрэг, автобус)-ийн үйлчилгээ хязгаарлагдмал байгаа төдийгүй хил залгаа орнуудад нэвтрэх боломжгүй болоод байна. Аливаа улсын Засгийн газар, ЭСЯ нь Унгар Улсад суралцаж буй оюутан, иргэдээ нутаг буцаах арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд шаардлагатай мэдээллээр хангаж, хамтран ажиллах болно.

Эх сурвалж: Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615810
0 эможи
keyboard_arrow_up