COVID-19: Испанид эмнэлгийн 19 мянга гаруй ажилтан ХАЛДВАР авчээ
Испанид эмнэлгийн 19 мянга гаруй ажилтан коронавирусний халдвар авсан нь вирус тархсанаас хойш халдвар авсан нийт хүний 14 гаруй хувийг эзэлж байна.
Энэ талаар Испанийн Эрүүл мэндийн яамны урьдчилан сэргийлэх, онцгой байдлын зохицуулах төв "Одоогийн байдлаар 19400 ажилтан халдвар авсан бөгөөд бид тэдний биеийн байдал, мөн хэдэн хүн эдгэрсэн талаар мэдээлэл цуглуулж байна. Ирж байгаа мэдээллээс үзэхэд халдвар авсан эмнэлгийн ажилтнуудын 20 орчим хувь нь эдгэрч, 10 орчим хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол дийлэнх нь гэртээ эмчилгээ хийж байна” гэж мэдээлсэн байна.
Харин эмнэлгийн 13 ажилтан нас барсан бөгөөд тэдний 11 нь эмч, сувилагч, асрагч байсан гэж “Pais” сонинд мэдээлжээ.
Сүүлийн мэдээллээр Испанид 135 мянга гаруй хүн коронавирусээр халдварлаж, 13 мянга гаруй хүн нас барсан байна.