“Ковид-19”-ийн дараа ДЭЛХИЙ яах вэ?

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

“Ковид-19” цар тахал дэлхий нийтийг сандаргаж байна. НҮБ-ын зүгээс энэ долоо хоногт гаргасан мэдэгдэлдээ коронавирусыг дэлхийн II дайны дараа орох хамгийн хүнд хямрал болохыг тодотгожээ.  Түүнчлэн зарим улс  орнууд өвчнийг намжаах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахын зэрэгцээ коронавирусын дараа дэлхий ямар байдалд орох тухай судалгаа шинжилгээг эхлүүлж, хариу арга хэмжээ аваад эхэлсэн байна.  Тэгвэл “Ковид-19”-ийн дараа дэлхий яах вэ” гэх асуудалд олон улсын шинжээч нар ямар байр, суурь илэрхийлснийг хүргэж байна.

Америк судлаач Ц.Баатар: АНУ-Д ТӨВЛӨРСӨН ДАЯАРЧЛАЛ ХЯТАДАД ТӨВЛӨРНӨ

-Цар тахлын дараах дэлхий ертөнцийн тухай өргөн мэтгэлцээн шинжээчдийн дунд ид өрнөж байна. Тэд дэлхийн засаглалын стратеги өөрчлөгдөх үү. Хүнлэг бус дэлхий ертөнцөд өөрчлөлт гарах уу.  Трамп, Путин нар тахал дэгдэж дууссаны дараа худалдааны дайн эсвэл уур амьсгалын өөрчлөлтөөс татгалзах зэргээр дур зоргоороо шийдвэр гаргахаа зогсоож чадах уу.  Тэд цэнхэр гаригийн хувь заяаг тодорхойлох үйлсэд эргэн нэгдэж чадах уу.  Дэлхийн эдийн засгийн сэргэлт, эрэлт нийлүүлэлтийн гинжин сүлжээний тасалдлыг хэрхэн нөхөх вэ гэх мэт өргөн цар хүрээтэй асуудлыг хамарч байна. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар COVID-19 тахал нь дэлхийн эдийн засгийн чиглэлийг үндсээр нь өөрчлөхгүй. Энэ нь аль хэдийнэ эхэлсэн өөрчлөлтийг хурдасгаж, АНУ-аар төвлөрсөн даяарчлалаас Хятадад төвлөрсөн даяаршил руу шилжинэ гэж үзэж байна. Тийм учраас харилцан хамаарал улам нэмэгдэж байгаа энэ цаг үед  АНУ өмнөө тавьсан зорилго нь ард түмний сайн сайхан байдлыг сайжруулах явдал юм бол Хятадтай хамтарч ажилласнаар л хэрэгжинэ гэж үзэж байна. Америк дангаараа ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй.

Бусад улс оронтой хамтын хүчин чармайлтаа нэгтгэж байж цааш явна гэж үзжээ. Шинжээчид нийгмийн шударга ёс, экологийн хувьд найдвартай ирээдүйг бий болгохын тулд өнөөгийн эдийн засгийн тогтолцооноос өөр төрлийн эдийн засаг хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. 

Цар тахал дэлхийн хэмжээнд урт хугацаанд эдийн засгийн үр нөлөө үзүүлэх төдийгүй илүү суурь өөрчлөлт хийхэд хүргэнэ гэж тэд үзэж байна. Цар тахлын дараа бидний амьдралын хэв маягт өөрчлөлт гарч, зохистой хэрэглээнд шилжинэ гэсэн өөдрөг дүгнэлт хийсэн байна.  Судлаачид  төрийг бэхжүүлж, үндсэрхэг үзэл газар авч томоохон хэмжээний цагаачлалын эсрэг илүү их эсэргүүцэлтэй тулгарна.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо: ИХ ГҮРЭН БАЙЛАА Ч ӨВЧИН ЗОВЛОН ИЖИЛ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛЖ БАЙНА

-Хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн түүх, өнөөгийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх магадлал байж болохыг харж байна.  Нэгдүгээрт, энэ бол цоо шинэ зүйл биш, дахин давтагдаж байсан түүхэн хөгжлийн нэг мөчлөг. Хоёрдугаарт, яг хэзээ дуусах вэ гэдгийг ч өнөөдөр хэлэхэд хэцүү.

Өмнөх үеэ бодвол шинжлэх ухаан, технологи хөгжсөн учраас анагаах болон бусад салбарынхан тоймлож чадах болсноороо давуу. Өөрчлөлт бол нийгмийн бүх салбарыг хамрах нь тодорхой. Хүний өдөр тутмын амьдрал, эдийн засаг нийгмийн бүхий л харилцаа төдийгүй олон улсын харилцааны түвшинд ч ихээхэн өөрчлөлтийг авчрах нь. Тухайлбал, олон улсын харилцаанд их гүрэн байсан ч бүх нийтийг хамарсан өвчин зовлонгийн өмнө бүгд ижил гэдгийг ойлгож эхэлж байна. Аливаа зүйлд хэт өрөөсгөлөөр хандвал арьс өнгөөр ялгаварлан гадуурхах мэт сөрөг үйлдэл амархан газар авах хандлагатай гэдгийг бүгдээрээ харлаа.

Хятад судлаач Б.Анхбаяр: УЛС ОРНУУДЫН ХҮЧНИЙ ХАРЬЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРНО

-Коронавирус бүхий л салбарыг хамарч байна. Ялангуяа улс орнууд эрүүл мэндийн салбараа нэгдсэн байдлаар зангидахгүй бол болохгүй гэдгийг ойлгууллаа. Улс төр, эдийн засаг, соёлын харьцаандаа анхаардаг шигээ энэ салбараа ч хаямааргүй байна. Дэлхий гэдэг нэг тосгон бий болчихоод байхад эрүүл мэндийн салбар нь уялдаа холбоогүй, улс орон болгонд хөгжлийн өөр төвшин ялгаатай байгаа нь илт  байна. Мөн цаашдаа ардчилсан улс орнуудад ганцаарчилсан үндэсний үзэл нэлээд дэлгэрнэ. Энэ нь баруун эсвэл хэт зүүн төвийн үзэл баримтлалтай намуудад ашигтай.  Ялангуяа европын орнууд цагаачлалын бодлогоо чангатгах болов уу. Ардчиллын үнэт зүйлд ч нөлөөлөхөөр байна. Давхар Ази хүмүүсийг гадуурхах үзэл нэлээд гарч ирнэ.  Одоогоор БНХАУ-аас илүү гадаг­шаа­гаа чиглэсэн бодлогыг явуулж байна. Энэ нь коронавирус бол Хятадынх биш гэсэн ойлголтыг өгөхийг хичээж байгаатай ижил утгатай харагдаж байна.  Мөн цар тахлын дараа улс орнуудын хүчний харьцаанд тодорхой хэмжээнд өөрч­­лөлт орно.  БНХАУ ч энэ цаг үеийг сайн ашиглаж чадвал илүү хүчирхэг орон гэд­гээ харуулах боломж байж магадгүй.

Хятад судлаач Х.Баатархүү: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЦЭД ДӨРВӨН ТӨРЛИЙН ӨӨРЧЛӨЛТ ГАРНА

Коронавирусын цар тахлын нөлөөгөөр дэлхийн эдийн засгийн өсөлт 18-24 сарын хугацаанд нэлээн саарах бололтой. Тэр дундаа Хятадын эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд хасах есөн хувь, гуравдугаар улиралд дунджаар 5.5 байна. Харин дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ эхний хагас жилдээ хасах 0.1 хувийн уналттай байгаа бол 2020 оны эцсийн байдлаар тэг хувийн өсөлттэй гарна гэж мэдээлж байна. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлт 3.2-оос 0.5 хувь болж буурах хандлагатай байгааг Европын судлаачид танилцуулж байна. Хямралаас сэргийлж эдийн засгийг идэвхижүүлэхээр G20-ын улс орнууд нийтдээ таван их наяд ам.доллар гаргах амлалт өгсөн. Гэхдээ энэ нь хангалттай хэмжээнд биш юм.

Дэлхийн эдийн засгийн 2008-2009 оны хямралаар 22 сая хүн ажилгүйдэлд өртөж байсан бол энэ удаагийн хямралаар ойрын зургаан сард 25 сая хүн ажилгүй болох тооцоолол яригдаж байна. Хямралын дараа дэлхийн эдийн засгийн бүтцэд нийгмийн байгууллын хувьд дөрвөн төрлийн томоохон өөрчлөлт орно гэж эрдэмтэд үзэж байна. 

Солонгос судлаач И.Энхболд: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХҮНД СОРИЛТОД ОРНО

-Коронавирусын тархалтын дараагаас интеграцийн асуудал хүндрэхээр байна. Ялангуяа Европын холбооны улсууд хилийн заагуудаа хаагаад эхэллээ. Манай улсын хувьд Зүүн хойд Азийн интеграцид нэгдэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байв. Энэ нь удаашрах хандлагатай болчихлоо. Мөн улс орнууд худалдааны хамгаалалтыг эсэргүүцдэг байсан бол одоо больж эхэлнэ. Дотооддоо хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх нөөц бололцоог хайж эхэлнэ.  Мөн дэлхий нийт бөөгнөрсөн хотуудыг тараах тэр байдал руу орох болов уу гэж таамаглаж байна. Аль болох тааруу амьдралын хэв маягийг эрэлхийлнэ. Манайх ч гэсэн  ганц Улаанбаатар гэсэн төвтэй биш ядаж хоёр төвтэй болох хэрэгтэй.  Түүнчлэн дэлхий нийтээр аялал жуулчлалын салбар хүнд сорилттой тулна. Энэ жилдээ бараг өндийхгүй.  Тэгэхээр энэ салбарыг дагаж хөгждөг зочид буудал, агаар, төмөр замын тээврийн орлого ч багасна.  Харин нөгөө талаар цахим ертөнц, хиймэл оюун ухаан  хөгжинө.  Цахим худалдааны эрин үе албан ёсоор эхэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615593
2 эможи
keyboard_arrow_up