Дэлхийн улс орнууд ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАА яаж авдаг вэ?

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

Дэлхийн олон оронд ахлах ангиа амжилттай дүүргэж, их, дээд сургуулийн босго алхана гэдэг тийм ч амар хялбар зүйл биш ажээ. Ялангуяа хүн ам ихтэй Хятад, Япон, Солонгос зэрэг  оронд их, дээд сургуульд элсэн орж, хүссэн мэргэжлээ сонгон суралцах нь  элсэлтийн ерөнхий шалгалтаас шууд хамаардаг байна. Тиймээс дэлхийн улс орнуудад элсэгчид төдийгүй эцэг, эхчүүдийн сэтгэлийг чилээсэн энэ шалгалтыг хэрхэн зохион байгуулж, элсэгчдээ чанаржуулдагийг сонирхуулъя.

Хятад улсын ЭЕШ чанга дүрэмтэй учраас сурагчид шаргуу бэлддэг

Хятад улсын элсэлтийн ерөнхий шалгалт манай оронд зохион байгууллагддаг элсэлтийн шалгалттай бараг ойролцоо болдог аж. Тус улсад энэ шалгалтыг хамгийн хатуу чанга дүрэмтэй гэж ярьдаг учраас жил бүрийн шалгалт нь өрсөлдөөн ихтэй болдог. Сурагчид нь эртнээс шаргуу бэлддэг юм байна. Нөгөө талаас дээд боловсрол эзэмшиж мэргэжилтэй болох нь амьдралаа дээшлүүлэх цорын ганц боломж гэж үздэгтэй холбоотой. Энэ шалгалтын системийг 1977 онд сэргээсэн нь өнөөгийн Хятадын хөгжлийг бүтээх боловсон хүчнийг бий болгосон гэж үздэг аж. Синхуа агентлагийн мэдээлж буйгаар энэ жил 9.4 сая орчим сурагчид шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Жил бүрийн зургадугаар сард Хятадын медиа салбар шалгалтын мэдээллээр дүүрч, баяр хөөр багатай, ажил хэрэгч өдрүүдийг угтдаг аж.

Хятад улс хүн амын бүтцийн өөрчлөлтдөө тохируулан энэ шалгалтын системд олон удаа өөрчлөлт оруулжээ. 1985 онд Боловсролын яам зарим ахлах сургуулийн сайн суралцсан сурагчдыг  шалгалтад оруулахгүйгээр их сургуульд элсүүлэхийг зөвшөөрсөн байна. 2000 онд бас нэгэн томоохон өөрчлөлтыг хийж,  Бээжин, Шанхай зэрэг хотод “Хаврын гаокао” гэх шалгалтын өөр нэгэн хувилбарыг санаачилжээ. Энэ шалгалтыг зуны шалгалтаа тааруухан өгсөн боловч коллежид элсэх хүсэлтэй сурагчдад зориулан санаачилсан байна. Мөн шалгалтын хичээлүүд нь  бас өөрчлөгдсөөр иржээ. Одоогийн шалгалт нь “3+Х”  гэсэн хувилбараар буюу бүх сурагч Математик, Хятад хэл, Англи хэл гэсэн гурван хичээлээр шалгалт өгөх ёстой бөгөөд шинжлэх ухааны болон бусад хичээлүүдийг өөрснөө сонирхож буй мэргэжлийнхээ дагуу сонгоод өгөх боломжтой байдаг гэнэ.

Энэтхэгт өрсөлдөөн цэцэрлэгээс эхэлдэг

Энэтхэгийн элсэлтийн шалгалтын өрсөлдөөн цэцэрлэгээс эхэлдэг гэхэд бараг хилсдэхгүй. Тус улсад 12 жилийн ерөнхий боловсролын тогтолцоог хэрэгжүүлж, сурагчид нь өөр сургууль руу шилжихгүй, сургуулиасаа гарахгүй бол цэцэрлэгээсээ эхлээд 12 дугаар анги төгстөл нэг сургуульд сурдаг. Тиймээс хүүхдээ чанартай, сайн сургуульд оруулахын тулд эцэг эхчүүд нь цэцэрлэгээсээ эхлээд сайн сурч, сайн сургуульд ороосой гэж хүсдэг аж. “Нийгмийн шинжлэх ухаан болон эдийн засгийн мэргэжлээр суралцвал зөвхөн улсынхаа нэгдсэн шалгалтын оноогоор их сургуульд элсэн ордог бөгөөд бусад шалгалтад ордоггүй. Харин байгалийн шинжлэх ухаан, биологийн мэргэжил эзэмших сурагчдад нэлээд өндөр шалгуур тавигддаг аж. Мөн инженер, архитектурч, эмч мэргэжлээр сурах хүсэлтэй сурагчид элсэлтийн шалгалтад оролцохоос гадна тавдугаар сарын эхээр болох улсын нэгдсэн инженер, архитектурч, эмчийн шалгалтад оролцож тэнцсэнээр их сургуулийн элсэлтийн шалгалтад оролцох эрхтэй болдог юм байна. Энэ нь ихэнх сурагчид оюуныг сорьсон томоохон сорилт болдог бөгөөд үүнийг дагаад ЭЕШ-д бэлтгэх сургалтын төвүүд цөөнгүй байдаг аж.

Өмнөд Солонгос элсэлтийн шалгалтын оноог ерөнхий оноонд тооцдоггүй

Өмнөд Солонгосын элсэлтийн шалгалт манайхтай харьцуулахад намар, өвлөөр зохион байгууллагддаг. Энэ шалгалтыг арваннэгдүгээр сарын эхээр авдаг аж. Өдөрт дөрвөн шалгалт өгнө. Ингэхдээ өглөө 08:00 цагт бүртгүүлж, 8:40-өөс шалгалт эхэлнэ. Шалгалтын цаг эрт байдаг нь  тухайн өдөр зам түгжрэхээс сэргийлж, төрийн болон төрийн бус байгууллагууд нь  ажлын цагаа хоёр цагаар  хойшлуулан, шалгалтад оролцогчдод тулалцаа үзүүлдэг байна. Мөн тусгай машин сурагчдад үйлчилдэг бөгөөд  замын цагдаа нар нь ч шуурхай ажилладаг аж.

Дөрвөн төрлийн шалгалтад математик, хэл бичиг, гадаад хэл, нийгмийн шинжлэх ухаан зэрэг хичээл хамаардаг.Шалгалт авах хугацаа нь мөн манайхтай ойролцоо. Өмнөд Солонгосын Боловсролын яам 2002 оны эхээр элсэлтийн шалгалтын шинэ дүрмийг хэрэгжүүлсэн байна.

Шинэ дүрмийн хамгийн гол онцлог нь шалгалтын дүнг ерөнхий дүнгээр нь тооцохгүй, хичээл тус бүрийн оноог тусад нь тооцон дараа нь тогтсон оноо буюу ерөнхий зэрэглэлээр нь оноог нь тогтоодог юм байна.

Японд амьдралаа өөрчлөх чухал алхам бол ЭЕШ

Япон улсын элсэлтийн шалгалт нь япон залуучуудын хувь заяанд эргэлт гаргах чухал алхам болдог бөгөөд нэг шалгалтаар амьдралынхаа хамгийн чухал сонголтоо хийнэ. Яагаад  гэвэл,  Японы алдартай их сургуулиудад элсэн ороход хялбар биш. Тиймээс Японы сурагчдыг гурван төрөлд хуваадаг аж. Нэгт нь, дөнгөж төгсөх гэж байгаа ахлах сургуулийн сурагч. Хоёрт нь, дахин давтан сурч байгаа сурагч. Гуравт нь, их сургуульд орчихоод өөрийн хүссэн сургуульдаа орохын тулд дахин шалгалт өгөх оюутан гэж гурав хуваадаг. Эдгээр оюутан хүссэн сургуульдаа орохын тулд давтан сурах сургалтад хамрагддаг. Тиймээс ЭЕШ-д бэлтгэх сургалтын төвүүд нь эртнээсээ алдартай. Эдгээр сургалтын төвийн төлбөр нь өндөр, нэг хичээлийн төлбөр нь 150 мянган иен. Хэрэв сайн сургуульд давтан сурах бол төлбөр нь ойролцоогоор нэг сая иен байдаг аж.

АНУ нэгдсэн шалгалтгүй ч жилд долоо шалгаж элсүүлнэ

АНУ-д ахлах ангийн сурагчид наймдугаар ангиасаа SAT шалгалтад оролцож, өөрийгөө сорьдог. SAT шалгалт нь жилд долоон удаа болдог бөгөөд шалгалтын агуулгын хувьд математик болон хэл бичиг нь тус бүр гурван хэсэгтэй.Шалгалт нь гурван цагийн хугацаатай үргэлжилдэг байна. Харахад элсэлтийн шалгалттай ижилхэн боловч  SAT шалгалтын агуулга нь ерөнхий боловсролын сурах бичигтэй шууд холбоогүй байдаг.Гол нь сурагчдын логик, анализ, магадлах зэрэг олон талын ур чадварыг шалгадаг. Оюуны чадавхийг шалгасан сэдэв, сонин содон асуултаар дүүрэн байдаг байна.

АНУ нь их, дээд сургуулийн нэгдсэн элсэлтийн шалгалт авдаггүй. Гэвч ерөнхий боловсролын сурагчид их, дээд сургуульд элсэн ороход “Эрдмийн үнэлгээний шалгалт” буюу (SAT) болон АНУ-ын их сургуулийн үнэлгээний шалгалт буюу (ACT) болно. ACT шалгалт нь нэг төрлийн суралцах хичээлийн шалгалт, мэдэх ёстой мэдлэгээ бүрэн эзэмшихийг шаарддаг нь Хятадын элсэлтийн шалгалттай төстэй.

Австралид сурлагын чанарыг чухалчилдаг

Австрали нь сурагчдынхаа хоёр жилийн хичээлийн ерөнхий дүн дээр нэг удаагийн орон нутгийн “Австралийн түвшин тогтоох шалгалт”-ын дүнг нэмээд, дундаж дүнгээр нь их дээд сургуульд элсүүлдэг. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн шалгалтын үр дүнгээр их сургуульд элсүүлэхийг стандарт болгодоггүй. Нэг удаагийн шалгалтаар бүх зүйлийг тогтоодоггүй гэсэн үг. Сурагчид энгийн үеийн шалгалт болон даалгавраа заавал сайн хийж, энгийн үедээ сул задгай байх, аз сорих байдлаас холуур байдаг. Энэ нөхцөл байдал нь заавал элсэлтийн шалгалт гэлгүй бусад үед ч бас  хичээл сургалтын чанарыг  харуулдаг учраас сургууль болон сурагчид, эцэг эхчүүдийн талархлыг хүлээсээр байна.

Австралийн ихэнх сурагчид их, дээд сургуульд элсэн орохыг чухалчилдаггүй.Учир нь их сургуульд орсон, ороогүй нь тэдэнд бараг ялгаагүй санагдах нь бий.Жишээ нь, дунд сургуулийн нэг ангийн хоёр хүүхдийн нэг нь их сургуульд орж, нөгөө нь ажлын байранд гарсан бол их сургуульд орсон хүүхэд нь төгсөөд ажилд ороход их сургуульд ороогүй найзаасаа цалин нь бага байдаг. Их сургууль төгссөн ч төгсөөгүй ч ажилгүйдлийн тэтгэмж авдаг. Нэг сарын ажилгүйдлийн тэтгэмж нь ойролцоогоор 3–4 мянган юань байдаг аж.

Францад ахлах сургуулийн шалгалтаа эхлээд өгнө

Францын ахлах сургуулийн сурагч их сургуульд ороход эхлээд заавал ерөнхий боловсролын гэрчилгээтэй байх  шаардлагатай. Дараа нь BAC шалгалт өгнө. Зарчмын хувьд BAC шалгалтад оролцсон сурагчид их сургуульд элсэхээр өргөдөл гаргаж болно. Гэвч анагаахын салбар, шүдний эмч, эм зүйн салбар болон технологийн сургууль зэрэг нь өөр байдаг.Элсэх тоо хязгаартай бөгөөд эдгээр сургууль болон мэргэжил нь сонгон авах дүрмийг хэрэгжүүлэн оюутан элсүүлдэг байна.

Кенид ЭЕШ нэг сар үргэлжилнэ

Кени улсын элсэлтийн шалгалт аравдугаар сарын сүүлчээр зохион байгуулагдах бөгөөд шалгалт нь арваннэгдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилж, 22 төрлийн хичээлийн шалгалт өгдөг юм байна. Гэвч хичээл болгонд шалгалт өгдөггүй. Заавал сурах хичээлээс гадна сонгон суралцах хичээлээс өөрсдөө сонгон шалгалтаа өгдөг.Кенийн их сургуульд элсэгчдийн тоо цөөн 200 гаруй мянган сурагч элсэлтийн шалгалтад ороход, ойролцоогоор 10 гаруй мянган сурагч л улсын их сургуульд элсэн ордог аж.

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615494
0 эможи
keyboard_arrow_up