Токиогийн Олимпын наадмын ШИНЭ ТОВЫГ танилцуулжээ
Токиогийн Олимпын наадам 2021 оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болно гэж уг наадмыг зохион байгуулагчид даваа гарагт мэдээлжээ.
Шинэ коронавирусний цар тахлын улмаас дөрвөн жил тутам зохион байгуулдаг Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарсан юм.
Паралимпын наадмын хувьд наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-нд болох ажээ.
Зохион байгуулагчид олон улсын спортын тэмцээнүүдтэй хуваарийг нь зөрүүлэх үүднээс хавар зохион байгуулах гэх мэт хэд хэдэн сонголтыг харгалзан үзсэний дүнд ийм шийдвэрийг гаргасан байна.
“Олимпын наадмыг түүхэндээ анх удаа хойшлуулсан нь олон сорилт, асуудлыг бий болгосон. Гэсэн хэдий ч шинэ товыг хурдан гаргаснаар бэлтгэл ажлаа хурдан гүйцэтгэх боломж бүрдэнэ” гэж Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Ёширо Мори хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.