“Барселона“ клуб тоглогчдынхоо цалинг 70 хувиар буурууллаа
Коронавирус тархсаны улмаас санхүүгийн хүнд байдалд орсонтой холбоотойгоор Испанийн хөл бөмбөгийн “Барселона” клубийн тоглогчид цалингаа 70 хувиар бууруулж, мөн клубийн ажилтнуудад цалингаа бүрэн авахад нь санхүүгийн туслалцаа үзүүлнэ гэж тус клубын ахлагч Лионель Месси мэдэгджээ.
"Барселона" клуб дор хаяж 100 сая еврогийн алдагдал хүлээнэ гэж “Marca” сэтгүүл урьд нь мэдээлсэн байна. Энэ нь тус клубийн 2019/20 улирлын төсвийн 10 хувьтай тэнцэх мөнгөн дүн юм.
Клубийн захирлуудын зөвлөл тоглогчидтой байгуулсан гэрээг түр цуцлах боломжтой системийг боловсруулж байгаа бөгөөд энэ нь хүлээсэн алдагдлаа нөхөхөд нь тус болох аж.
Бидний хувьд цалингаа 70 хувиар бууруулахаас гадна клубийн ажилтнууд цалингаа 100 хувь авахад нь хувь нэмрээ оруулна гэдгийг миний зүгээс мэдэгдэх цаг нь боллоо” гэж Месси "Instagram" хуудсандаа бичсэн байна.