COVID-19: Испанид 12,200 гаруй эмч, эмнэлгийн ажилтан халдвар авчээ
Даваа гарагт Испани улсад шинэ коронавирусийн халдвараар 812 хүн нас барсан байна. Харин өмнөх өдөр нь 838 өвчтөн нас барж, нэг өдрийн дотор хамгийн олон хүнээ алдсан юм.
Тус улсын эндэгдлийн тоо 7,340 хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн улс орнуудаас зөвхөн Италийн /11,591/ эндэгдэл дараа орох муу үзүүлэлт юм.
Даваа гарагийн байдлаар тус улсад илэрсэн нийт халдварын тоо 85,195 хүрсэн нь дэлхийд зөвхөн АНУ /143,055/, Итали /101,739/ хоёр улсын дараа орох үзүүлэлт болжээ.
Өчигдөр Испани улс илэрсэн халдварын тоогоор Хятад улсыг /81,470/ гүйцэж түрүүлсэн байна.
Нас барсан хүмүүсийн шарилыг хадгалах зай багтаамж хүрэлцэхгүй байгаа тул Мадрид хотын хамгийн том мөсөн гулгуурын талбайг шарил хадгалах газар болгон хувиргаад байгаа юм.
Даваа гарагийн байдлаар Испанид 12,200 гаруй эмч, эмнэлгийн ажилтан Covid-19 халдвар авсан байна. Энэ тоо Баасан гарагийн 9,500 орчмоос огцом өссөн тоо болохыг эрүүл мэндийн яам нь мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
|