Энэтхэгийн супер халдвар тараагч 40,000 хүнийг тусгаарлахад хүргэжээ
Энэтхэгийн умард муж Пунжабт 20 тосгоны 40,000 орчим хүнийг тусгаарлах арга хэмжээ авсан нь бүгд нэг хүнээс коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэгдэж байна.
Халдвар тараагч нь 70 настай шашны номлогч байсан бөгөөд саяхан өөрөө Covid-19 өвчнөөр нас барсан юм.
Тэрээр Итали, Германаар аялж ирснийхээ дараа өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг үл ойшоож, олон хүн оролцсон шашны арга хэмжээ зохион байгуулжээ.
Энэтхэг даяар нийт 640 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаагаас 30 нь Пунжаб мужид илэрсэн юм.
Халдвар тараагч Балдев Сингх гэгч нь Европоос ирснийхээ дараахан Сикх шашны Хола Мохалла баярыг зохион байгуулахад оролцжээ. Зургаан өдөр үргэлжилсэн арга хэмжээнд өдөр бүр 10,000 орчим хүн оролцож байсан гэнэ.
Балдевыг нас барснаас хойш нэг долоо хоногийн дотор түүний хамаатан 19 хүнээс Covid-19 халдвар илэрчээ.
“Одоогоор талийгаачтай шууд харилцаж байсан 550 хүнийг олж тогтоогоод байна. Энэ тоо цаашдаа өсөх хандлагатай байгаа. Тэрээр нийт 15 тосгонд биеэр очсон байна” гэж Пунжаб мужийн эрүүлийг хамгаалах газрын албан хаагч мэдэгдсэн байна.
Энэтхэг улс одоо коронавирусийн тархалтыг саармагжуулах зорилгоор 21 хоногийн хөл хорионы дэглэмийг орон даяар хэрэгжүүлж эхлээд байгаа. Хэдийгээр илэрсэн халдварын тоо нь бусад улсуудтай харьцуулахад цөөн байгаа ч энэ нь оношилгоо, илрүүлэлт муу байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Эх сурвалж: ikon.mn
|