Путин ирэх долоо хоногоос эхлэн иргэддээ ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ олгохоо мэдэгдлээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр үдэш коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан ард түмэндээ хандан үг хэлжээ.
Түүний зарлигаар ирэх долоо хоногийг улс даяар ажлын бус өдрөөр зарлаж байгаа бөгөөд энэ өдрүүдэд зөвхөн эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, банк, нийтийн тээвэр, төрийн алба ажиллах юм.
Мөн дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулах Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал хураалтыг хойшлуулж байна.
Ирэх зургаан сарын хугацаанд иргэдийн зээл төлөлтөд уян хатан хандана. Ялангуяа орон сууцны зээлтэй ч хямралын хугацаанд орлого тасалдаж хүнд байдал орсноо бичгээр нотолсон тохиолдолд зээлийг түр царцаах аж. Ажилгүйдлийн тэтгэмж одоогоор тус улсад 8000 рубль байгааг 12 мянга болгон нэмэгдүүлж байна.
Хүүхэдтэй гэр бүлийг дэмжих зорилгоор дараагийн гурван сард, жирэмсний дөрвөн сартайгаас эхлэн гурван нас хүртэлх хүүхэдтэй ээжүүдэд сар бүр таван мянган рублийн тэтгэмж олгох юм.
Мөн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-аас бусад бүх татварын төлөлтийг зургаан сараар хойшлуулах санал гаргаж байгаагаа Путин мэдэгджээ.
Эсрэгээрээ баян чинээлэг иргэд болон том компаниудаас авах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал тодорхой босгоос дээш хэмжээний мөнгийг банканд хадгалсан, хувьцаанд хөрөнгө оруулсан иргэдээс татвар авахаар болжээ. Өмнө нь ийм үйл ажиллагаанд ямар нэг татвар ноогдуулдаггүй байв.
Мөн гадаадын компаниуд, эздийн Орос дахь бизнесээсээ авах ноогдол ашигт оноох татварын хэмжээг одоогийн 2 хувиас 13 хувь болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.