О.Анхтуяа: Испани хүүхдүүд ази хүнийг харахаараа“Вирус, вирус” гээд л холуур тойрч өнгөрдөг болсон
Европын улс орнуудад коронавирусийн халдвар өндөр хурдтай тархаж байна. Халдварын тохиолдол, нас баралтаараа Итали, Испани улс тэргүүлж байна. Испани улсад амьдардаг монгол иргэн О.Анхтуяатай холбогдож нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-БНХАУ-аас эхлэлтэй коронавирусийн халдвар Европын улс орнуудад маш хурдтай тархаж байгаа мэдээллийг бид өглөө бүр авч байна. Тэр дундаа Испани улсад халдварын тархалт өндөр байна. Тухайн улс оронд ямар нөхцөл байдалтай байгааг тодруулж өгөхгүй юу?
-Би испани улсын нийслэл Мадридад амьдардаг. Энд коронавирусийн хамгийн тархалттай мужид орж байгаа. Тиймээс карантин зарласан. Эхний ээлжинд олон нийтэд цалинтай амралт өгсөн, гэртээ байна. Гадуур зорилгогүй явж болохгүй. Цагдаа, цэргийн хамгаалалт өндөртэй учраас шалгуулж, цаашлаад торгуулах ч эрсдэлтэй байгаа. Энд одоо хүнсний дэлгүүр, эмийн сангуудаас бусад үйлчилгээний газрууд бүгд хаалттай байна.
-Испанийн Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Одоогийн байдлаар энэ асуудал хэзээ дуусах нь мэдэгдэхгүй байгаа учир компаниуд удаан хугацаагаар цалингүй амраах боломжгүй болж улсын шийдвэрийн дагуу ажилтнуудаа түр хугацаагаар халж байгаа.
Мөн улсаас 2020 оны сүүл хүртэл ажилгүйдлийн мөнгийг 90 хувь болгож өсгөсөн. Испани улс өөрөө аялал жуулчлалаар мөнгө олдог улс. Энэ үед ёстой дампуурч байна. Тэр их ажилгүйдэл ч үүнээс үүдэлтэй байх.
-испанид хэчнээн монгол иргэн амьдардаг вэ. тухайн улс дахь гадаад иргэдийн асуудал ямар байх юм?
-Яг хэчнээн иргэн энд амьдардгийг нарийн мэдэхгүй юм. Учир нь Монголын Элчин сайдын яам, Консул гэж байдаггүй. Миний мэдэж байгаагаар 500 орчим монгол хүн амьдардаг болов уу гэж бодож байна. Хууль ёсоор амьдардаг хүмүүст хуулийн дагуу ерөнхийдөө адил замаар тусламж үйлчилгээ нь очдог. Тиймээс бид ч бас хүсэлтээ өгөөд ажилгүйдлийн мөнгө зэргийг авах боломжтой.
-Европын зарим улс орныг харахад ази хүмүүсийг гадуурхах хандлагатай байна. Испанид нөхцөл байдал ямар байгааг хэлж өгөөч?
-Одоогийн байдлаар гадуурхалтын талаар сонсогдоогүй байна. Хятад, Солонгост ид дэгдэх үед бол хүмүүс зайгаа авч, муухай харах явдлууд их гардаг байсан. Хүүхдүүд нь вирус вирус гээд холуур гүйж яваад л, метронд хүмүүс нь холуур явах тохиолдол гарч байсан.
-Испанид монголын элчин сайдын яам, Консул ажилладаггүй. Энэ тохиолдолд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөө, монгол улсын талаарх мэдээлэл, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хаана хандах вэ?
-Испани дахь монголчуудын фэйсбүүк хуудас болон таньдаг хүмүүс хоорондоо мэдээллээ хуваалцдаг. Мөн Монголд болж байгаа үйл явдал, мэдээллийг интернэтээс голдуу авч байна. Одоогоор бол монгол иргэдийн эрх ашиг зөрчигдсөн зүйл сонсогдоогүй байна.
-Испани улс нас баралтаараа Европын улсуудаас хоёрт жагсаж байна. халдвараас хамгаалах орчин нөхцөл, мэдээллээр хангаж чадаж байна уу?
-Уг нь одоогоор карантинд байгаа учир гадуур маш цөөн хүн явж байгаа. Хүн дор бүрнээ өөрийгөө хамгаалж маск зүүж, бээлий өмсөж байна. Телевиз, интернэт, мессэж бүх зүйлээр гэр орны ариутгалын талаар сануулж байна. Автобус, метронууд өдөр бүр үйлчилгээнд гарахын өмнө ариутгалд хамрагдаж байгаа гэсэн. Мөн ихэнх хүмүүс гэрээсээ ажлаа хийж байна гээд их л зүйл хийж байна. Миний бодлоор карантинаас өмнө анхаарал тавихгүй их хожимдож арга хэмжээ авч эхэлснээс л одоогийн энэ их эрсдэлд хүрээд байна. Удахгүй халдвар авах хүний тоо багасаад ирэх байх гэсэн тооцооллыг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Нас барж байгаа хүмүүсийн хувьд ахмад настнууд голдуу байна. Мадридад хоёр том ахмад настны асрамжийн газраас олон тооны хүн халдвар авч, нас барсан. Тийм газруудаа одооноос л анхаарч эхэлж байгаа.
-Эмч мэргэжилтнүүдийнх нь гол зөвлөж байгаа зүйл юу байна вэ?
-Гэрээсээ гарахгүй байх, гараа маш сайн угаах, гэрээ ариутгалын бодисоор цэвэрлэхийг зөвлөж байгаа. Гадагшаа гарсан тохиолдолд маск зүүж нэг удаагийн бээлий өмсөх, хүмүүсээс нэг метрийн зай барьж явах, хэрэв өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гадагш гарахгүй утсаар холбогдохыг анхааруулж байна.
-Хамгийн хүнд зүйл юу байна вэ?
-Ихэнх хүмүүст ажилгүй болж орлогоо алдаж байгаа нь маш их санаа зовоосон асуудал болж байна. Ялангуяа монголчууд маань хөлсний байранд амьдардаг учраас цалингүй удаан байвал төлбөрөө төлж чадахгүй болно гэж айж байна. Дээрээс нь вирус намжсаны дараа ч эдийн засгийн хямрал болох магадлал маш өндөр учир ажлын байрны олдоц багасах эрсдэлтэй байгаа.
-Монгол улс хилийн чанад дахь иргэдээ эх орондоо авчирсаар байгаа. Испани дахь монголчууд эх орондоо ирэх хүсэлтэй байна уу. Тэд ирэх боломж байна уу?
-Боломжтой хүмүүс нь эндээ амьдралаа болгоод явж чадна гэж бодож байгаа хэсэг хүмүүс байгаа. Гэхдээ бас Монголдоо очих гэсэн хүмүүс ч байна. Яг одоогоор сайн мэдэгдэхгүй юм. Энэ хэвээрээ удвал Монгол явах хүмүүс их гарч ирэх байх. Гэхдээ Элчин сайдын яам, Консул байхгүй учир эх орон руугаа явъя гэсэн ч хурдан шийдэгдэх боломж хомс болов уу.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин