COVID-19: Италид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 4,789 шинэ тохиолдол, 601 нас баралт бүртгэгдлээ
Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали улсад нийт 4,789 шинэ тохиолдол илэрчээ. Ням гарагт энэ тоо 5,560, Бямба гарагт 6,557 байсан юм. Энэ нь тус улсад илэрсэн коронавирусийн халдварын тоо сүүлийн таван өдрийн хамгийн доод түвшинд хүрсэн байна.
Итали дахь коронавирусийн тахлын төв болсон Ломбарди мужид мөн анх удаа шинэ халдварын тоо буурсан байна.
Нэгдсэн дүнгээр коронавирусийн халдварын илэрсэн тохиолдол нийт тоо тус улсад 63,927 хүрсэн байна.
Харин даваа гарагт тус улсад халдвартай 601 хүн нас барж, нийт эндэгдлийн тоог 6,077 болгожээ. Энэ тоо ч өмнөх амралтын өдрүүдийн тооноос буурсан үзүүлэлт юм.
Нийт халдварын тоотой харьцуулсан эндэгдлийн хувь Италид 9.5 байгаа нь дэлхийн дундаж болох 4.4-өөс өндөр байна.
Италичууд ийнхүү хонгилын үзүүрийн гэрлийг харж эхэлж байхад Европын хоёр дахь том тахлын төв Испани улсад байдал улам хүндэрчээ.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Испанид 462 хүн коронавирусийн халдвараар нас барсан нь тахлын дэгдэлт эхэлснээс хойш хамгийн өндөр тоо болж байна.