Х.Тэмүүжин: Долоо хоногт нэг удаа л хүнсээ цуглуулж, гэрийн хорионд байна
Италийн Турин хотод сурч буй оюутан Х.Тэмүүжинтэй тус улсад үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Европын холбооны улсууд тэр дундаа Италид коронавирусийн халдвар дэгдэж олныг айдаст автуулаад байна. Турин хотод нөхцөл байдал ямар байна вэ?
-Миний хувьд Парма хотод сурдаг. Гэхдээ сая гуравдугаар сарын эхээр тус хотод коронавирусийн тархалт өндрөө авч улаан бүсэд багтсан юм.
Иргэд нь айдас, түгшүүртэй байсан, учраас Туринд ирээд амьдарч байна. Энд хүнсний дэлгүүр эмийн сангаас бусад бүх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон.
Иргэд хүнсний дэлгүүрүүдээр үйлчлүүлэхдээ дугаарлаад л 10, 10-аараа орж худалдан авалт хийж байгаа. Сүүлийн өдрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсээд байна.
Max зарж байгаа дэлгүүр ч тун ховор юм. Гол төлөв гурилан бүтээгдэхүүн л худалдаалж байна. Дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэдийн гарыг нь ариутгаж нэг удаагийн бээлий өгч байна.
Гарахдаа бээлийгээ тайлж зориулалтын саванд хаяад гараа ариутгаж байгаа. Дэлгүүр эмийн сангуудад маск алга.
Онлайн дэлгүүрээс л нэг удаагийн маск захиалж хэрэглэж байгаа. Нэг удаагийн маск 50 центээр зарагдаж байсан бол үнэ өсөж 2.5 евро болоод байна.
Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн ажиллаж байгаа. Цөөн тооны хүмүүс л үйлчлүүлж байсан.
-Засгийн газар Эрүүл мэндийн яамнаас нь ямар зөвлөмж гаргаж ажиллаж байна вэ. Гаргасан зөвлөмжийг иргэд дагаж мөрдөх тал дээр ямар байна вэ?
-Ирэх сарын 3-ныг хүртэл карантилаад байна. Сая ерөнхий сайд нь карантиний хугацааг үргэлжлүүлж сунгах талаар мэдэгдэж байна лээ.
Энэ хугацаанд онцын шаардлагагүй бол гадуур явахыг хориглосон. Зарим газруудад гадуур яваад байгаа хүмүүст торгуулийн арга хэмжээ авч байна.
Хэдийгээр карентилаад байгаа ч халдварын тоо өдөрт л 3,500 орчмоор нэмэгдээд байна. Өнөөдөр (өчигдөр) гэхэд 5,000 гаруйгаар нэмэгдсэн.
Халдвар ингэж өндрөө аваагүй байхад эндхийн хүмүүс коронавируст нэг их ач холбогдол өгөхгүй байсан л даа.
Халдварын 10 гаруй мянган тохиолдол бүртгэгдээд байхад л муур, нохойгоо дагуулсан иргэд гудамжаар олон харагдаж байсан. Маск зүүж өөрийгөө хамгаалж байгаа хүн ч байхгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахдаа хойрго хандсан юм болов уу.
-Коронавирус Италид өндрөө аваад байгаа шалтгааныг өөрсдөө хэрхэн тайлбарлаж байх юм. Ийм цаг үед орон нутгийн хэвлэл юу гэж байна вэ?
-Итали насжилтаараа дэлхийд дээгүүр ордог. Энэ вирус маань ахмад, өндөр настнуудад халтай. Өндөр аваад байгаа нэг шалтгаан нь энэ байх.
Мөн цаг уур байдал нөлөөлж байгаа талаар зарим хэвлэлүүд бичиж байгаа. Энд одоо л дулаарч байна.
Өмнөд Азийн орнуудад коронавирусийн тархалт гайгүй байгааг цаг ууртай нь холбож тайлбарлах хүмүүс ч бас байна. Үүнээс гадна нохой, муур бол италичуудын амьдралынх нь нэг хэсэг. Гэр бүлийн гишүүн шиг ээ авч үзнэ.
Одоо ч гудамжид муур нохойгоо салхилуулсан иргэд олон харагдах юм. Энэ нь ч халдварын тархалтад нөлөөлж байх шиг. Вирусийн тархалттай холбоотойгоор Италийн эдийн засаг ч хүндэрч байгаа талаар хэвлэлүүд бичиж байна.
-Коронавирусийн халдвар авсан өндөр настнууддаа үйлчилгээ үзүүлж чадахгүй орхиж байна гэх мэдээлэл гарсан байсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Ийм мэдээлэл байсан. Нас барж байгаа хүмүүсийн мэдээллийг харахад ихэнх нь 60-аас дээш насныхан байна лээ.
Мөн 2,000 гаруй эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авсан байсан. Эрүүл мэндийн ажилтнууд, эмч нар ч нас барсан тохиолдол байгаа.
-Италид хэд орчим монгол иргэн байдаг вэ. Хоорондоо холбоотой байна уу?
-Италид 300 орчим монголчууд байдаг. Вирус газар авахад оюутнуудын маань тодорхой хувь нь нутаг буцсан.
Миний хувьд өрөөндөө тавуулаа амьдарч байна. Долоо хоногтоо нэг удаа гарч хоол хүнсээ бэлтгээд л гэрийн хорионд байгаа.
-Европын зарим улсуудад оюутнуудыг байрнаас нь хөөж гаргаж байгаа тухай мэдээлэл явж байсан. Италид яаж байна?
-Энд оюутнуудыг хөөж туугаад байгаа асуудал алга. Гэхдээ дотуур байранд амьдрах эрсдэлтэй. Дотуур байранд 50-60 оюутан гал тогоогоо дундаа хэрэглэдэг.
Гол төлөв Итали оюутнууд амьдардаг. Өнөө хэд нь италичуудтай өдөр тутам харилцаанд орно. Энэ утгаараа бидэнд эрсдэл нэмэгдэж байгаа юм.
-Та бүхний хувьд өөрсдийгөө хэрхэн хамгаалж байна вэ?
-Италийн Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмж гэхээс илүү Монголын Элчин сайдын яамнаас өгч байгаа зөвлөмж болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжүүдийг баримтлаад өөрсдийгөө тусгаарлаад байгаа.
Монголоос гаргаж байгаа зөвлөмж нь илүү үр дүнтэй гэж харж байна.
Монгол газар зүйн байршлын хувьд БНХАУ-тай хөрш ч тархалтын хувьд бага байгаа нь яамнаас гаргасан зөвлөмж, монголчуудын сахилга баттай холбоотой юм болов уу.
-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хэрхэн авч байна вэ. Ямар хүндрэл тулгарч байна?
-Эрүүл мэндийн үйлчилгээ авахад хэцүү байна. Эмнэлгийн байгууллагуудын ачаалал ч эрс нэмэгдсэн. Хувь хүн эмнэлэг рүү явах нь илүү эрсдэлтэй цаг үе ирчихээд байна.
Гадаад оюутнууд 150 еврогоор даатгал хийлгээд, өрхийн эмчээсээ эрүүл мэндийн үйлчилгээ аваад явдаг. Даатгалтай бол эмчилгээний тухайд ч тодорхой хэмжээний хөнгөлөлт эдэлдэг.
-Азиудыг гадуурхах хандлага байгаа талаар мэдээллүүд гарч байсан?
-Коронавирусийн тархалт Азид дэлгэрээд байхад гадуурхах явдал их байсан. Италийн зарим мужуудад Хятадын дэлгүүр, үйлчилгээний газруудыг сүйтгэх тохиолдол гарч байсан.
Хятадуудыг зодсон асуудал гарсан. Бид нарыг гадуурхаад байгаа асуудал алга.
-Монгол Улсын Засгийн газраас тусгай үүргийн онгоц илгээж иргэдээ татаж байна. Итали дахь монголчуудад хүлээлт байна уу?
-Элчин сайдын яамнаас энд байгаа иргэд рүү холбогдож байна лээ. Элчин сайдын яамнаас хэлэхдээ “Монголд тусгаарлах байр хомс байгаа. Ачаалал их, эдийн засгийн байдал хүнд байгаа талаар мэдэгдэж байсан. Ойрын хугацаанд тусгай үүргийн онгоц Монголоос ирэхгүй" талаар хэлж байна лээ.
Сая тусгаарлагдсан иргэд 14 хоноод байраа чөлөөлнө. Энэ үеэр л бидэнтэй холбогдох юм шиг байна лээ.
Миний орчин тойронд байгаа залуучууд тусгай үүргийн онгоцыг хүлээгээд байгаа зүйл алга. Тусгай үүргийн онгоцонд суух нь энд өөрийгөө тусгаарласнаас илүү эрсдэлтэй гэж үзэж байгаа.
Онгоцонд суухдаа бид нар хэний хажууд суухаа шийдэж чадахгүй шүү дээ. Тусгаарлагдсан 14 хоногт миний биеийн дархлаа өндөр байгаад вирус илрэхгүй байж болно. Ингэж гэр бүлийнхэн ойр дотнын хүмүүсээ эрсдэлд оруулмааргүй байна.
Монголдоо вирус тээж очмооргүй байна. Энд вирусийн дэгдэлт cap орчмын дараа намжина гэсэн тооцоолол байна лээ.
Энэ хугацаанд өөрийгөө тусгаарлаад байх нь зөв шийдвэр гэж харж байна. Тусгай үүргийн онгоцонд суух нь оюутнуудад эдийн засгийн хувьд ч цохилт болж байгаа юм.
Буцах зардалтайгаа нийлээд 4-5 сая төгрөг болж байна лээ. Оюутнуудын тухайд өвчний дэгдэлт гарсан үед ажил хийгээд байх боломжгүй байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин