САЙН МЭДЭЭ: Хубэй мужид томилогдсон 3700 орчим эмч, сувилагч гэртээ харьжээ
Коронавирусний тархалт хумигдаж, БНХАУ-ын бусад бүс нутгаас Хубэй мужид томилогдон ажилласан 3700 орчим эмч, сувилагч гэртээ харилаа гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
Эдгээр эмч, сувилагч Хубэй мужийн засаг захиргааны төв болох Ухань хотын долоон эмнэлэг болон 14 түр эмнэлэгт ажилласан байна. Өнгөрсөн оны сүүлчээр дэгдсэн коронавирусний халдвар Хубэйд хурдацтай тархсаны улмаас мужийн эмнэлгүүдэд ачаалал үүссэн байна. Тархалтын үеэр Хятадын эрх баригчид тус муж руу нийтдээ 43 мянга орчим эмч, сувилагч илгээжээ.
Хятадын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос хамгийн сүүлд мэдээлснээр, даваа гарагт тус улсад коронавирусний халдварын 21 шинэ тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барсан байна. Халдвар авсан нийт хүний тоо 80 881 болсон бол 68 869 хүн эдгэрч, 3226 хүн нас барсан байна.
Эх сурвалж: montsame.mn
|