Трамп АНУ-д үндэсний хэмжээний ОНЦ БАЙДАЛ зарлалаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний тархалттай тэмцэх зорилгоор улсын хэмжээнд онцгой байдал зарлалаа.
Тэрбээр “Улсын хэмжээнд онцгой байдал тогтоосныг би өнөөдөр албан ёсоор мэдэгдэж байна. Энэхүү арга хэмжээ нь муж улсууд болон орон нутгуудын засаг захиргаанд коронавирусний тархалттай тэмцэхэд үйл ажиллагаагаа илүү сайн зохицуулах боломж олгоно" гэж мэдэгдсэн байна.
Түүний зарлиг нь одоо байгаа зарим хууль тогтоомжоор хязгаарлагдахгүй өргөн эрх мэдлийг Эрүүл мэндийн сайдад олгох бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд шинэ эмнэлэг нээх, эмчилгээний шинэ аргыг туршиж үзэх зэрэг илүү уян хатан, хурдан ажиллах боломжтой болно.
АНУ-ын эрүүл мэндийн яаманд алсын зайн оношилгоо,, эмчилгээний системийг нэвтрүүлэх ажлыг түргэвчлүүлэх эрх мэдлийг олгож байгаагаа Трамп бас зарлажээ.
АНУ-ын зарим муж улсад сургуулиудыг хааж, томоохон цугларалт, спортын томоохон арга хэмжээ зохион байгуулахыг хориглон коронавирусний халдварын тархалтыг хумих арга хэмжээг хэдийнэ авсан юм.
Өнөөдрийн байдаар АНУ-д Covid-19 вирусийн халдвартай нь тогтоогдсон 1,700 гаруй хүн байгаа бол халдварын улмаас нас барсан хүний тоо 41 хүрээд байна.
Эх сурвалж: ВВС
|