Италийн засгийн газар Милан, Венец хотуудыг бүрэн тусгаарлахаар бэлдэж байна
Италийн засгийн газар коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор Милан, Венец, Парма, Римини зэрэг хотууд болон тэдгээрийн ойр орчмын бүс нутагт бүрэн хөл хорио тогтоохоор төлөвлөж байгаа тухай тус улсын хэвлэлүүд Бямба гарагт мэдээлжээ.
Засгийн газрын тогтоолын төслийг Италийн “Corriere della Sera” сонин олж анх нийтэд мэдээлсэн байна.
Төлөвлөгөө ёсоор умард Италийн хүн ам шигүү суудаг мужууд дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл гадаад ертөнцөөс таслагдах ажээ.
Милан хот бол 1.4 сая оршин суугчтай, Италийн санхүүгийн төв юм. Энэ хотын оршдог Ломбарди муж нь нийт 10 сая хүн амтай. Хөл хорионы төлөвлөгөөнд бас Венец хот оршдог Венето муж, Парма, Римини хотууд оршдог Эмилиа-Романа муж багтжээ.
Эдгээр хотууд нийлээд 540,000 орчим оршин суугчтай юм.
60 сая орчим хүн амтай Итали улс нь Европ тив дэх коронавирусийн тархалтын гол төв болоод байгаа. Хоёр долоо хоногийн хугацаанд энэ улсад 5,883 хүн халдвар авч, 233 хүн нас бараад байна.
Итали улсын нийт 22 мужид халдварын тохиолдлууд бүртгэгджээ.
Одоогоор тус улсад шөнийн клубүүд, фитнес төвүүд, усан сангуудын үйл ажиллагааг хориглоод байна.
Баар, ресторанууд ажиллаж байгаа ч үйлчлүүлэгчдийг хоорондоо доод тал нь нэг метрийн зайтай суулгах шаардлага тавьжээ.
Өнөөдрийн байдлаар Италийн Ломбарди муж болон Венец хот орчимд нийт 50,000 хүнтэй 11 тосгонд хөл хорионы дэглэм үйлчилж байна.
Хэрвээ Милан, Венец зэрэг томоохон хотуудыг нэг сарын турш гадаад ертөнцөөс тусгаарлавал Италийн эдийн засагт том цохилт болно.
Засгийн газрын тогтоолын төсөлд зааснаар хөл хорионы дэглэмийг зөрчсөн иргэдэд мөнгөн торгууль болон гурван сар хүртэл хугацаагаар хорих шийтгэл оноох ажээ.
Эх сурвалж: ikon.mn
|