Итали улсад оршин суугаа монгол иргэдийн АНХААРАЛД !
Бүгд Найрамдах Итали Улсын Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио мужуудад шинэ төрлийн коронавирусний халдварт хатгалгаа (covid19)-аар өвчилсөн иргэдийн тоо 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 100, нас барсан хүний тоо 2 болоод байна.
Коронавирусний халдвар богино хугацаанд тархаж, олон хүн халдвар авсантай холбогдуулан Италийн Засгийн газраас халдвар гарсан 11 хотод хөл хорио тогтоогоод байна. Түүнчлэн 2 дугаар сарын 23-ны өдрөөс халдвар гарсан мужуудад олон нийтийн арга хэмжээ, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоох тухай шийдвэр гаргаад байна.
Иймд Итали Улс, ялангуяа коронвирусний халдвар илэрсэн мужуудад амьдарч буй иргэд Италийн Эрүүл мэндийн яам, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн дагуу онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, халдвар гарсан мужуудад зорчихгүй байх, амны хаалт зүүж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хэрэв танд өндөр халуурах, хоолой өвдөх шинж тэмдгүүд илэрвэл 1500 /Итали, Англи, Хятад хэлээр/ гэсэн тусгай утсаар холбогдон зөвлөгөө авах болон ойролцоох эмнэлэгт хандахыг зөвлөж байна.
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
РОМ ХОТ