БНСУ-д “COVID-19”-ын халдвар авсан хүний тоо 433 болжээ
БНСУ-д шинэ коронавирусний 433 дахь тохиолдол бүртгэгдлээ.
Тодруулбал, БНСУ-д өнөөдөр 16:00 цагийн байдлаар “COVID-2019” коронавирусний халдварын 82 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 433 болж нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас зарлалаа.
Энэ нь халдвар анх тархсан БНХАУ-аас бусад улсад бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болоод байна. БНСУ-д халдвар бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар хоёр хүн нас барж, 16 хүн эмчлэгджээ. Солонгосын 19 байршилд халдвар авсан хүний ийнхүү хурдацтайгаар өссөөр байна.
Тиймээс БНСУ-д шинэ коронавирусний халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй учраас тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ сэрэмжлүүлэг гаргажээ.
БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтойг зөвлөжээ. Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудас, www.mongolembassy.com цахим хуудас, ЭСЯ-ны 02-798-3464 утсаар мэдээлэл авах юм байна.









