COVID-19: БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 82 болжээ
БНСУ-д “COVID-2019” коронавирусний халдварын 31 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан нийт хүний 82 болжээ.
Шинээр халдвар авсан хүмүүсийн 30 нь Сөүл хотоос 300 км зайтай оршдог Тэгу хотын оршин суугчид бол 31 дэх тохиолдол нь Сөүлд бүртгэгджээ.
Шинэ өвчтөнүүдийн 23 нь халдвар авсан 31 дэх хүнтэй нэг сүмд явдаг байсан байна. Хоёр хүн эмнэлэгт халдвар авсан бол үлдсэн тав нь ямар замаар халдвар авсан нь тодорхойгүй байна гэж тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
Халдвар илэрсэн 31 дэх тохиолдол нь Тэгу хотод оршин суудаг 61 настай эмэгтэй бөгөөд гадаадад аялсан түүхгүй, вирусний халдвар тээгчидтэй хавьтаагүй байна. Уг эмэгтэй нийгмийн эрүүл мэндийн төвд үзлэгт хамрагдаж, коронавирусний шинжилгээ өгсөн бөгөөд ямар замаар халдварласан тодорхойгүй байгаа юм. Одоо тэрбээр хөл хорионд байгаа аж.