КОРОНАВИРУС: Испани улсад халдварын анхны тохиолдол бүртгэгджээ
Хятад улсад коронавирусийн халдварын тохиолдол нэг өдрийн дотор 2000-аар нэмэгдээд байна. Мөн Испани улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр энэ аюулт вирус дэлхийн 20 орчим оронд тархаад байна.
Хятад улсад коронавирусын халдварын тохиолдол 11821-д хүрээд байгаа бол амиа алдсан иргэдийн тоо 259 болжээ.
Испани улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын эрүүл мэндийн сайд баасан гарагт мэдээлсэн байна.
Гомера гэх арлын оршин суугчаас халдвар илэрчээ. Өвчтөн хятад улс уруу ойрын үед зорчоогүй ч гэсэн Герман улсад байх үедээ коронавирус халдвартай хүний ойролцоо байсан гэж үзэж байгаа юм. Үүнээс гадна Испани улс Хятадын Ухань хотод байрлаж байсан 21 иргэнээ эх нутагт нь буцаан авчраад байгаа төдийгүй Мадрид хотод эмнэлгийн хяналтад байлгаж байна.