ДЭМБ: Олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхээ ӨНӨӨДӨР шийднэ
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ шинэ төрлийн коронавирусний халдварын тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэх асуудлыг дахин хэлэлцэхээр пүрэв гарагт шуурхай хуралдаан зарласан байна.
ДЭМБ-ын Онцгой байдлын хороо коронавирусний асуудлаар өнгөрсөн долоо хоногт анх удаа шуурхай хуралдсан юм. Уг хурлаар олон улсын хэмжээнд онц байдал зарлахад хэтэрхий эрт байна хэмээн мэргэжилтнүүд үзсэн билээ.
Хятадын эрүүл мэндийн газрын удирдлагуудын мэдээлснээр, лхагва гарагийн өглөөний байдлаар коронавирусний халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо 132 хүрч, 6000 орчим тохиолдол бүртгэгдсэн байна.
Шинэ төрлийн коронавирусний халдварын тохиолдол лхагва гарагийн байдлаар дэлхийн 19 орон, нутаг дэвсгэрт илэрч, нийт 100 орчим тохиолдол бүртгэгдсэнээс хүнээс хүнд халдварласан байх магадлалтай тохиолдол Вьетнам, Япон, Германд тус тус бүртгэгдсэн байна.