ВИДЕО: АНУ-ын “Bombardier E-11A“ цэргийн нисэх онгоц тодорхойгүй шалтгаанаар унажээ
Афганистан дахь АНУ-ын зэвсэгт хүчний нисэх онгоц өчигдөр тус улсын зүүн хэсэгт унаж осолджээ.
Онгоц унасан Газни мужийн Дэх Як дүүрэг нь талибуудын эзэмшилд байдаг юм. Афганистан дахь зэвсэгт хүчний хурандаа Сонни Леггит “Ослын шалтгааныг мөрдөн шалгаж байна. Одоогоор дайсны халдлагад өртсөн гэх шинж тэмдэг илрээгүй” гэж мэдэгджээ.
Тагнуулын зориулалттай нисэх онгоцонд хэдэн зорчигч явсан нь тодорхойгүй байна. Талибуудын сошиал хуудсанд АНУ-ын агаарын хүчний таних тэмдэгтэй нисэх онгоц шатаж буй дүрсийг үзүүлжээ. Тэд онгоцыг буудаж унагаснаа хүлээгээд байгаа юм.
Тэдэнд өндөрт нисэж яваа нисэх онгоцыг устгах пуужингийн систем байхгүй тул цохилт өгсөн байх боломжгүй гэж АНУ-ын тал үзэж байна.
Сүүлийн мэдээллээс харахад энэ онгоц "Bombardier E-11A" загварын цэргийн ажиглалтын онгоц байж магадгүй байгаа ба онгоц бүхэлдээ сүйрчээ.
Эх сурвалж: cnbc.com
|