Хүмүүсийн сэтгэлийг хамгийн их догдлуулсан Зул сарын бэлгүүд
Жилийн хамгийн гайхалтай үе бол Зул сарын баяр билээ. Энэ жилийн баяраар хүмүүс хайртай, дотны хүмүүстээ хамгийн утга учиртай бэлгийг бэлдэж, зарим нь огт танихгүй нэгэнд сэтгэлийн дэм өгч, зарим нь амьтдыг баярлуулахыг зорьжээ.
Ач, зээ нартаа сургуулийн автобус бэлэглэсэн өвөө
Орегон мужид амьдардаг Даг Хэйз бол 10 ач, зээтэй өнөр бүлийн тэргүүн. Хүүхдүүдийн тав нь Паидаягийн дунд сургуульд сурдаг ч сургуулийн автобусгүй учраас өглөө бүр өвөөгөөрөө хүргүүлдэг байжээ. Харин үлдсэн тав нь хараахан сургуулийн насанд хүрээгүй. Гэхдээ ирэх жилээс хоёр нь сурагч болох гэнэ. Тиймээс Хэйз энэ жилийн Зул сарын баяраар ач, зээ нартаа онцгой бэлэг бэлджээ. Тэрбээр сар гаруйн өмнөөс эхнэр Эмитэйгээ ярилцаж, эрэл хайгуул хийсний эцэст сургуулийн автобус худалдан авчээ. "Тэд бэлгээ хараад маш их баярласан. Одоо тэд маань сургуульдаа очихын тулд арай бага цаг зарцуулдаг болох нь" хэмээн Хэйз ярьсан байна. Одоо тэрбээр Зул сарын баярын дараа анх удаа сургуулийн автобусаар ач, зээгээ сургуульд нь хүргэхээр догдолж суугаа гэнэ.
8 настай охин Зул сарын бэлгийн оронд 200 кг тэжээвэр амьтны хоол авчээ
8 настай Ландин Вадсворт охин энэ жил Сантагаас тоглоом биш, арай өөр зүйл хүсчээ. Тэрбээр Вашингтон дахь Tri-Cities хэмээх амьтан хамгаалах байранд буй нохой, муурнуудад туслахыг хүссэн гэнэ. Тиймээс Зул сарын баяраар өөртөө бэлэг авахын оронд эдгээр амьтдад хоол авах мөнгийг цуглуулжээ. Зул сарын өмнөх өдөр гэхэд охин 600 фунт (272 кг) тэжээвэр амьтны хоол авч хүрэлцэхүйц мөнгө цуглуулж чадсан байна. Ландин Вадсворт орон гэргүй амьтдад сүүлийн гурван жилийн турш ийнхүү тусалж байгаа юм. Тэрбээр хэдийн дараа жилийнхээ хандивыг цуглуулж эхэлсэн тухай CNN мэдээлжээ.
Билл Гэйтс "нууц Санта" болж Реддитийн хэрэглэгчийг баярлуулжээ
Реддит жил бүр хэрэглэгчдийнхээ дунд бэлэг солилцох арга хэмжээг зохион байгуулдаг. Тэдний дунд тэрбумтан Билл Гэйтс ч багтдаг байна. Реддитийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Билл Гэйтс 2013 оноос хойш эл үйл ажиллагаанд оролцож байгаа гэнэ. Тэгвэл энэ жил Мичиган мужид амьдардаг Шелби хэмээх бүсгүй Гэйтсийн бэлгийг хүлээж авчээ. "Билл Гэйтсийг энэ үйл ажиллагаанд олон жилийн турш оролцож байгааг мэднэ л дээ. Гэхдээ хэзээ ч, бүр хэзээ ч миний нууц Санта болно гэж бодож явсангүй. Жинхэнэ гэнэтийн бэлэг гэдэг л энэ байхдаа" гэж Шелби ярьсан байна.
Шелби Реддитээс зохион байгуулдаг бэлэг солилцох үйл ажиллагаанд 95 дахь удаагаа оролцсон нь энэ байжээ. Түүний бэлэг арванхоёрдугаар сарын 17-нд шуудангаар ирсэн бөгөөд нийтдээ 36 кг хүнд илгээмж байсан нь түүнийг ихээхэн гайхшируулжээ. Бэлгэнд Гэйтсийн гарын үсэгтэй хуучны номуудын гар бичвэр хүртэл багтсан байжээ. Хамгийн гол нь, Гэйтс Шелбигийн ээжийн нэрээр Америкийн зүрхний холбоонд хандив өгсөн байв.
Шелби өнгөрсөн дөрөвдүгээр сард хуримаа хийсэн бөгөөд ёслол болохоос 10 хоногийн өмнө ээж нь нас барсан харамсалтай явдал тохиолджээ. Дотны хүнээ алдаад удаагүй байсан түүнд ийм бэлэг ирсэн нь нүдээ олсон хэрэг болжээ.
Эх сурвалж: ub.life
|