“Home Alone 2” киноноос Трампын дүрсийг хассан нь зарим Америкчуудыг бухимдуулжээ
Олон хүүхдүүд, хүмүүсийн хувьд жил бүрийн Зул сарын баяр, Шинэ жилийн баяр дөхөх үед сэтгэлд дотно дурсамж сэргээсэн нэгэн кино санаанд ордог нь “Гэртээ ганцаараа” буюу “Home Alone 2” кино юм.
1992 оны энэ бүтээлд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хальт гараад өнгөрдөг хэсэг байдаг билээ.
Харин хэд хоногийн өмнө Канадын CBC телевиз “Home Alone 2”-ийг үзүүлэхдээ Трампын оролцсон хэдхэн секундын дүрсийг хассан хувилбарыг гаргасан байна. Энэ нь Трампыг дэмжигч америкчуудыг бухимдуулжээ.
Мөн энэ талаар Дональд Трампын ууган хүү твиттер хуудсаараа Канадын телевизийн цензурыг шүүмжилсэн нийтлэлийн холбоосыг тараасан байна.
Харин CBC сувгийн олон нийттэй харилцах албаны захирал Чак Томпсон тайлбарлахдаа “Home Alone 2”-ийг анх 2014 онд тус суваг худалдаж авсан бөгөөд Трампын хэсэг киноны үйл явдалд онц нөлөөгүй тул цагтаа тааруулж хассан гэсэн байна.
Эх сурвалж: dailymail.co.uk
|