Хятадын засгийн газрын алдагдсан мэдээлэлд Шинжааны хавчлагын талаар дурджээ
“Ройтерс” агентлаг өнгөрсөн бямба гаригт Хятадын Засгийн газрын алдагдсан мэдээлэлд Шинжаан дахь хавчлагын талаарх мэдээлэл дурдагдсан байсныг онцолжээ. Энэхүү мэдээлэл анх “Нью Йорк таймс” сонинд нийтлэгдсэн юм байна. Хятадын Засгийн газраас алдагдсан дээрх мэдээлэлд Хятадын баруун хэсэгт орших Шинжаан мужид хавчигдаж буй Уйгур болон лалын шашинт иргэдийн талаар дурдсан байжээ. НҮБ-ын шинжээчид болон идэвхтэнүүдийн мэдээлж буйгаар доод тал нь нэг сая уйгур, лалын шашинт иргэд Шинжаанд хоригдож байгаа юм. Энэ талаар өмнө нь удаа дараа АНУ, бусад улс орноос Хятадыг ийнхүү хавчлага, хориглолт хийж байгаа талаар зэмлэж байсан билээ. “Нью Йорк таймс” сонины мэдээлж буйгаар дээрх алдагдсан мэдээлэл нь Хятадын улс төрийн томоохон нөлөө бүхий гишүүнээс гаралтай аж. 2014 онд Уйгурын цэргийн албаныхан галт тэрэгний буудалд зэвсэгт халдлага хийж, 31 хүн амиа алдсаны дараа ерөнхийлөгч Ши Жинпинийн хийж буй цуврал илтгэлүүдийн хэрэгжилт ямар байгааг харуулахыг хүссэн бололтой.
Түүнчлэн Ши Жинпин үүний дараа терроризм, салан тусгаарлалтын эсрэг чадах хүчээрээ тэмцэхээ илэрхийлсэн байдаг. Дээрх алдагдсан мэдээлэлд Хятадын удирдагчид бусад улс оронд болж болзошгүй террорист ажиллагаа болон Афганистанаас АНУ цэргийн хүчээ гаргах вий гэхээс айж байгаа талаар ч дурджээ. Нийт 403 хуудас бүхий алдагдсан энэ баримт бичгийг хэрхэн сонгож, цуглуулсан нь одоогоор тодорхойгүй байгаа талаар ч сонины мэдээлэлд онцолсон байжээ. Тэгвэл Бээжингийн зүгээс Шинжаанд уйгуруудыг болон бусад лалын шашинтны эрхэд халдаж буй талаарх мэдээллийг няцаасан юм. “Лалын хэт үзэл, салан тусгаарлах бодлоготой уялдуулан мэргэжлийн туслалцаа үзүүлж байгаагаас гадна шинэ ур чадваруудыг эзэмшүүлж байгаа” гэж урд хөршийн нийслэл мэдэгджээ. Өнгөрсөн бямба гаригт “Ройтерс” агентлагаас Хятадын Гадаад хэргийн яамнаас дээрх мэдээлэлд хариулт авахаар факс илгээсэн ч хариу ирээгүй байгаа аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.18 ДАВАА №228, 229 (6195, 6196)