Ачааны чингэлэгнээс олдсон 39 цогцос бүгд Вьетнамын иргэдийнх болохыг Британийн мөрдөгчид тогтоожээ
Өнгөрсөн долоо хоногт Британийн Эссекс мужийн боомтод ирсэн ачааны хөргүүртэй чингэлэгнээс 39 хүний цогцос илэрсэн билээ.
Эхний шалгалтаар тэдгээрийг Хятад улсын иргэд гэсэн дүгнэлтийг Британийн цагдаа нар гаргаад байв. Тэгвэл өчигдөр бүх хохирогчид Вьетнам улсын иргэд болохыг мөрдөгчид олж тогтоосныг мэдээлжээ.
“Мөрдөн шалгах үйл ажиллагааны явцад хохирогчид бүгд Вьетнамын иргэд болохыг тогтоогоод байна. Бид Вьетнамын засгийн газартай хамтран ажиллаж байгаа” гэж мөрдөн байцаагчдын ахлагч Тим Смит сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Харин хүн тус бүрийг таниулах ажил дуусаагүй байгаа гэнэ.
Лондон хот дахь Вьетнам улсын элчин сайдын яамнаас хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Их Британи дахь Вьетнам иргэдийн нийгэмлэг VietHome сураггүй болсон 20 орчим хүний гэрэл зургийг цогцоснуудтай тулгуулж, шалгуулахаар Британийн цагдаад өгсөн байна.
Үүнээс гадна Европт хууль бус цагаачид нэвтрүүлэх ажлыг зохион байгуулдаг гэмт этгээдүүдийг илрүүлэх ажиллагаа Британи, Вьетнам хоёр улсад эрчимтэй явагдаж байгаа ажээ.
Эх сурвалж: IKON.MN
|