Прага хотын амьтны хүрээлэнд Монгол гэр үүдээ нээлээ
Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийнхэн 7 дугаар сарын 20-ны өдөр Тахийн өдөрлөг зохиов. Уг арга хэмжээний үеэр Тахь байрладаг хашааныхаа дэргэд монгол гэр барьж ёслол үйлдэв.
Энэ ёслолын үеэр тус улсад суудаг монгол дуучдын бэсрэг концерт тоглож, монгол нум сум харваж, монголын тал нутгийн ард түмний амьдрал, онгон байгалийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэв. Энэ арга хэмжээ нь Прага хотын амьтны хүрээлэнд амралтын өдрөөр зорьж очсон олон үзэгчдэд Монгол Улсыг таниулахад тустай арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд тус паркийн ажилтнууд, Монгол Улсын БОНХЯ-ны болон Говь-Алтай аймгийн тахийн төслийн төлөөлөгчид, БНЧУ-д суугаа Монголын ЭСЯ-ныхан оролцов. Ёслолын арга хэмжээг Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек нээж, тус хүрээлэнгийнхэн саяхан Монголын Тахийн шар нуруунд 3 тахь хүргээд ирснээ цохон тэмдэглэж, уг төслийн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад оролцсон чех, монголын талын төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.
БНЧУ-д суугаа Монголын ЭСЯ-ны зөвлөх Б.Баасансүрэн хэлсэн үгэндээ, ховордож үгүй болоод байсан тахийг Монголын баруун хэсэгт өөрийн хүчээр хүргэж, эргэж нутагшуулахад нь олон жил их хэмжээний хөрөнгө, мөнгө гарган чин сэтгэлээсээ чармайж буй тус амьтны хүрээлэнгийн төслийнхөнд гүн талархал илэрхийлэв.
Прагийн амьтны хүрээлэнгийнхэн сүүлийн 3-4 жил дараалан Говь Алтай аймгийн Тахийн талд жил бүр 3-4 тахь хүргэж, нутагшуулах төсөл хэрэгжүүлж ирсэн нь үр дүнд хүрч, тоо толгой нь улам бүр өсөн нэмэгдэж байна.