Австралийн сонинууд хэвлэлийн эрх чөлөөний төлөөх тэмцлээ эхлэв
Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарласныг эсэргүүцэн Австралийн томоохон сонинууд нэгдүгээр нүүрний мэдээллээ хар будгаар далдалсан талаар ВВС дамжууллаа.
Тус улсын урдаа барьдаг хэвлэлүүд болох “The News Corp Australia”, “Nine mastheads” хэвлэл өнөөдөр өглөөний дугаарынхаа эхний нүүрэн дэх мэдээллүүдийг хар өнгийн цаасаар дарж, “нууцлав” гэсэн шошготойгоор худалдаанд гаргажээ.
Тус улсын Үндэсний аюулгүй байдлын хуульд сэтгүүлчийн сурвалжлага хийх, нийтлэн бичих эрхийг хөндсөн нь хэвлэлийнхнийг ийнхүү тэмцэхэд хүргэсэн байна. Засгийн газраас энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буйг тэмдэглэсэн ч “Хэн ч хуулиас давж гарах ёсгүй” хэмээн мэдэгдсэн юм.
Өнгөрсөн зургадугаар сард цагдаагийн бие бүрэлдэхүүн “Australian Broadcasting Corporation”, “News Corp Australia” сонины байранд нэгжлэг хийсэн нь сэтгүүлчдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Харин тухайн мэдээллийн агентлагуудын албаны хүмүүс энэ талаар “Нийтлэлд орсон мэдээллийг гадагш задалсан мэдээлэгчдийн үйлдлээс улбаалан ийнхүү нэгжлэг, халдлага орлоо” хэмээн мэдэгджээ. Бусад хэвлэл Засгийн газрыг австрали иргэдийг тагнаж байна гэж буруутгаж байх зуур дайны гэмт хэрэгтэй холбоотой нарийвчилсан мэдээлэл тарсан байна. Тэгвэл уржигдар өглөө Мэдэх эрхийн төлөөх эсвэл /Right to Know Coalition/ кампанит ажиллагаа хэд хэдэн телевиз, радио, онлайн мэдээллийн сүлжээний дэмжлэгтэйгээр мэдээлэл хийсэн юм. “News Corp Australia” сонины гүйцэтгэх захирал Майкл Миллер /Michael Miller/ твиттерт сониныхоо эхний нүүрийг хар өнгөөр будаж далдалсан зургийг нийтлээд, Засгийн газраас олон нийтийн өмнөөс асуух ёстой үг хэмээн тодотгож “Тэд биднээс юу нуухыг оролдож байна вэ” гэж асуужээ. Түүнчлэн бусад том хэвлэл болох “Nine mastheads”, “Sydney Morning Herald”, “The Age” өөрсдийн тэргүүн нүүрэндээ дээрхийн адил эсэргүүцлээ илэрхийлсэн байлаа. Тэгвэл ABC-ийн менежмент хариуцсан захирал Дэвид Андерсон “Австрали улс хамгийн хаалттай ардчилалтай орон болох эрсдэлд тулж ирээд байна” гэсэн байна.
Өнгөрсөн ням гаригт Австралийн Засгийн газар дээрх гурван сэтгүүлчийг хууль хяналтын байгууллага шалгаж магадгүй талаар дахин мэдэгджээ. Харин тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон /Scott Morrison/ “Австрали улсын ардчилалд хэвлэлийн эрх чөлөө чухал байсан. Гэвч хууль дүрэмдээ захирагдах нь бүр ч илүү хэрэгтэй асуудал юм. Энэ нь надад бас сэтгүүлчдэд, тэр бүү хэл хэн бүхэнд хамаатай зүйл” гэжээ.
Австралийн хэвлэлүүд юу хүсч байна вэ?
Кампанит ажиллагааны дэмжигчид сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Австралид Аюулгүй байдлын хууль дүрэм нь сэтгүүлчийн эрэн сурвалжлага хийхэд заналхийлж, олон нийтийн мэдэх эрхэд халдаж байна хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн жил тагнаж, нууцаар мэдээлэл хайхыг хориглосон хуулийн заалтыг тус улсад нэвтрүүлсэн юм. Учир нь өнгөрсөн хугацаанд мэдээллийн сувгууд сэтгүүлчид болон мэдээлэгчдийг лоббидож эмзэг сэдэв бүхий мэдээллийг ил гаргаж байсан билээ.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.23
№ 210 (6177)