“Улсын удирдагч сошиал МЕДИА, ЗУРАГТААС хол байх нь дээр“ гэж Б.Обама ЗӨВЛӨЖЭЭ

2019 оны 10 сарын 01

Arslan.mn

Энэ сарын 18-нд Сан Франциско хотноо болсон программ хангамжийн “Splunk” компанийн арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама уригдаж очихдоо энэхүү зөвлөгөөг өгчээ. Түүнийг ерөнхийлөгч байхдаа мэдээлэлд хэрхэн шинжилгээ хийдэг байсан тухай асуухад “Тэр асар их мэдээллийг ерөнхийлөгч өөрөө хүлээж авах хэрэггүй. Мэдээллийг оновчтой тоймлон танилцуулдаг мэргэжлийн багтай байхад хангалттай. Тиймээс Ерөнхийлөгч хүн сошиал медиа хэрэглэж, зурагт үзээд хэрэггүй” гэжээ. Энэ нүдээ олсон зөвлөгөө. Улс орны удирдагч, бодлого гаргагч хүн, дээд түвшний удирдагч хүмүүс олны аяс, олны саналаар шийдвэр, бодлого гаргаж болдоггүй. Олонхын санал ямагт сөрөг тал руугаа тэмүүлж байдаг гэдэг дээхнэ үеийн судалгаа бий. Энэ юу гэсэн үг вэ гэвэл олонхи яршиг түвэг багатай, аль л болох биед амар байдал руу тэмүүлж байдаг. Уг байдал нь даамжирвал улс орныг болоод хувь хүнийг улам мухардалд оруулдаг.

Ерөнхийлөгч, удирдагч хүн яагаад зурагт, сошиал медиагаас хол байх ёстой вэ гэвэл тэр сувгуудаар зөвхөн олонхын хүсэл санал л түлхүү урсаж байдаг. Хялбарыг хайсан олонхын санал удирдагчийг мохоодог. Нийгмийн хөгжил ихэнхдээ ганц хүний саналаар хөгждөг. Түүнээс биш олонхийн саналаар хөгжиж байсан түүх үгүй. Тиймээс тэр ганц хүнээ бодлого гаргагч, их сэтгэгч гэж бусдаар дээгүүр үнэлдэг нь учиртай. Их сэтгэгч хүмүүн гаргаж байгаа санаа, саналаа үргэлж олонхоос асуугаад байвал тэр саналаа хэзээ ч ажил хэрэг болгож чадахгүй хоцорно. Ийм учраас л олонхийн санал тасралтгүй хөвөрч байдаг сошиал медиа, зурагтаас хол бай гэж Б.Обама зөвлөж шүү.

Хэрэв удирдагч хүн сошиалд живж, зурагтаас уяатай байвал хэзээ ч зөв, оновчтой шийд гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Үүний бэлээхэн жишээ манайд зөндөө байна. Олонхын аманд багтаад шийд гаргаж чадахгүй мухардаад эцэст нь гаргаж ирсэн санаа, санаачилгатайгаа хамт арчигдаж, дахин юм дуугарах зүрхгүй болчихдог.

Манайд үүний нэг тод жишээ бол буруу талдаа руль (хүрд)-тэй машиныг хөдөлгөөнд оролцуулах эсэх тухай асуудал. Буруу хүрдтэй машиныг хориглох тухай бодлогыг Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч байхдаа гаргаж ирж, олон нийтийн эсэргүүцэлтэй хүчтэй тулгарч байсан. Уг нь энэ зөв шийдэл байв. Манайх замын хөдөлгөөний хувьд эх газрын хуультай, замын хөдөлгөөнөө баруун гарын дүрмээр зохицуулдаг учир замын хөдөлгөөнтэй холбоотой бүхий л дүрэм журам, дэд бүтэц нь тээврийн хэрэгслүүдийг зүүн талдаа жолооны хүрдтэй байхаар тооцож хийгдсэн байдаг. Тэгэхээр бид үүнийг л дагах ёстой. Буруу талдаа хүрдтэй машиныг жолоодож явахад гүйцэж түрүүлэх, гэрэл шилжүүлэхээс эхлүүлээд олон эрсдэл гардаг учир аваар ослын нэлээдгүй шалтгаан нь буруу талдаа хүрдтэй автомашинаас үүддэг тухай судалгаа хангалттай бий. Гэтэл бодит байдал ийм байсаар байтал баруун талдаа хүрдтэй машиныг хориглох тухай шийдвэрийг олонхи эсэргүүцэх нь аргагүй юм. Яагаад гэвэл олонх буруу талдаа хүрдтэй машинтай юм чинь. Ингээд түгжрэл, аваар ослын байдал яг хэвээрээ үлдсэнээс асуудал шийдэгдээгүй байгаа. Сүүлийн жишээ гэвэл бүсчлэл байна. Хотыг бүсчилж, автомашиныг ялгамжаатайгаар төвийн хэсгийн замаар зорчуулах нь маш зөв шийдвэр байсан. Дэлхийн томоохон хотууд бүгд ийм бүсчлэлтэй. Тусгай бүс рүү нэвтрэхдээ төлбөр, хураамж төлдөг. Гэтэл манайд хотын хаана ч дуртай цагтаа сэлгүүцэж байхын тулд олонх бүсчлэлийг хүчтэй эсэргүүцсэн. Тэгээд энэ бодлого уначихсан. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа ихэнх машин дэмий сэлгүүцээд явж байдаг, замын хажууд гараа өргөөд зогсож байгаа хүн олдож юуны магад гэсэн шиг. Олонх бүхнийг тун хялбараар өөрсдөдөө тааруулахыг хүсдэг.

Амьд мал экспортлох бодлогыг энд бас жишээлье. Сошиалаар үүнтэй холбоотой сөрөг мэдээлэл, сэтгэгдэл явснаар энэ бодлого хэрэгжихгүй зогссон. Сошиалын олон мянган сэтгэгдэл, эможийг хараад л “Энэ бодлогыг хэрэгжүүлэхээ больё” гээд унагасан. Хэрвээ малчид сошиалд идэвхтэй байдаг байсан бол энэ асуудал унахгүй ч байж мэдэх байлаа. Харамсалтай нь тэд цөөнх, сошиалд байнга идэвхтэй байх нөхцөл нь бүрдээгүй. Хотын хийрхсэн хэдэн юмны амаар л энэ бодлого хэрэгжээгүй. Үнэндээ энэ бодлогоо болиулсан нь өөрөө бодлогогүй үйлдэл. Ажил хийхгүй, мөнгө олохгүй, олсон жаахан мөнгөндөө тааруулж махаа хямдхан идэхийн тулд малыг амьдаар нь хилээр гаргахыг эсэргүүцэцгээсэн. Хөдөлмөрлөхгүй, олсон жаахан хэдэн төгрөг нь хүрэлцээд биеийн амрыг бодоод хэвтэж байхын тулд махны үнийг нэмэгдүүлэхгүй гэж эсэргүүцсэн. Зүй нь бол тэр хүн хөдөлмөр хийвэл сэлгүүцэж давхихаа болино, гэмт хэрэг гарахгүй болно, архи уух нь багасна, нийгэмд өрнөж байгаа илүү дутуу, элдэв балай яриа хөөрөө, нийгмийн сэтгэл зүйг үймүүлсэн үйл явдал багасна. Хөдөлмөр эрхлэх нь ийм олон талын ач холбогдолтой. Хөдөлмөрлөж, хөдөлж цалин, мөнгө олж байгаа хүн махны үнэ нэмэгдэхэд тоох ч үгүй. Малыг хилээр гаргах нь улс оронд маш их ашигтай байсан ч одооных шигээ зүгээр л хэвтэж байхын тулд олонх дургүйцсэн. Эцэг эхийнхээ тэтгэврийг хамаад авчихна, таксинд явж ганц хоёр хүн зөөгөөд жаахан мөнгө олчихдог учраас идэх хоолтой өлсөхгүй хэвтээд л байна. Долоо хоног бүтэн ажил хийдэг хүн Монголд бараг байдаггүй. Яг ийм л байх гэж тэр бодлогыг эсэргүүцсэн. Хэрвээ тэр бодлого хэрэгжвэл гэртээ завтай хэвтэх цаг нь хомсдоод ажил хийх болчихно гэж дургүйцээд дээрх шийдвэрийг унагасан шүү дээ. Бие амар байхыг боддог олонхоос бодлого гаргагч ангид байх ёстой. Ийм л ялгаатай байдаг учир Б.Обамагийн ингэж зөвлөсөн нь зөв. Бодлого гаргагч оюун санаагаараа тусдаа байх ёстой.

Гэтэл манайд сошиалаар төр засгийн бодлого явагддаг. Ингэхээр улс орон хөгжихгүй. Ийм улс оронд алсыг харсан бодлоготой үйл ажиллагаа ч хэрэгжихгүй. Харин Б.Обама дээрх зөвлөгөөг өгөхдөө яагаад өдөр тутмын сониныг хэлээгүй вэ гэвэл сонин бодлоготой хэвлэгддэг. Редакциуд нь сониноо бодлогоор явуулдаг. Дэлхийн улс орнуудыг харж байхад тухайн орныхоо ирээдүйд хэрэгтэй, ашигтай, хэтдээ хэрэг болох зүйлийг хөндсөн сэдвээр сонингууд нийтлэлийн бодлогоо гаргаж ажилладаг. Монголд тийм бодлоготой сонин цөөхөн л дөө. Дэлхий нийтийн хэмжээнд сонин бодлоготой явдаг юм. Асар олон жилийн түүх, туршлагатай редакциуд бодлого боловсруулж, сониноо хэвлэдэг. Сонины нийтлэлүүдийг газар дор ортол муулж, зүхдэг. Ялангуяа манай “Өдрийн сонин”-ы нийтлэлийг. Гэтэл яваандаа тэр нийтлэлд бичсэний дагуу л нийгмийн амьдрал өрнөж байдаг. Энэ нь батлагдах хүртэл хоёр сонгуулийн хугацаа буюу найман жил өнгөрчихдөг нь харамсалтай. Энэ бол улс эх орны хөгжилд хортой. Хүний нас богинохон шүү дээ. Уг нь энэ сонин ямар бодлогоор үүнийг бичив, үүний цаана ямар бодлого явж байна, юуг хэлэхийг хүсэв гэж эрэл сурал болж, авах гээхийн ухаанаар хандаж шийдвэр гардагсан бол сайн байхгүй юу. Иймээс удирдагчид маань Б.Обамагийн энэ зөвлөгөөг тунгаан бодож болвол амьдралдаа хэрэгжүүлбэл улс эх оронд маань л тустай юм даа.

Д.Гансаруул

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608687
1 эможи

Зочин
2019-10-01 12:26
keyboard_arrow_up