Тайваньд олон мянган хүн жагсжээ
Хонконгийн жагсагчидтай эв санааны хувьд нэгдмэл гэдгээ харуулахын тулд Тайванийн гудамжуудад олон арван мянган хүн жагссан байна.
Зохион байгуулагчдын мэдээлснээр, дэлхийн даяар жагсаал цуглаан өрнүүлэх уриалга цахим сүлжээгээр тархсантай холбогдуулан өнгөрсөн ням гарагт Тайбей хотод болсон жагсаалд 50 мянга орчим хүн оролцсон ажээ.
Жагсагчдын дийлэнх нь Хонконгийн жагсаалын бэлгэ тэмдэг болох хар өнгийн хувцас өмссөн байжээ. Тэд “Хонконгийн эрх чөлөөний төлөө”, “Тайвань Хонконгтой хамт” зэрэг уриаг хашхирч байсан байна.
Жагсаалд оролцсон тайваньчууд жагсагчдын таван шаардлагыг бүгдийг нь биелүүлэхийг Хонконгийн засаг захиргаанд уриалсан байна. Мөн үүнтэй ижил жагсаал цуглаан Берлин, Сидней, Токио зэрэг дэлхийн 40 гаруй хотод болжээ.