Цахилгаан тамхи шинэ өвчин үүсгэж байгааг анхаарууллаа
АНУ-д цахилгаан тамхины хэрэглээ нь уушгины шинэ өвчин үүсэхэд хүргэж байгааг анхааруулсан байна. Мөн Мексик улс энэ тамхийг хэрэглэхийн эсрэг арга хэмжээ хэрэгжүүлж байна. Гэвч хэрэглэгчид нь энэ бараанд тавьсан хоригийг зөрчсөөр байгаа аж. Ялангуяа, сүүлийн өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп олон янзын амттай энэ тамхийг худалдахыг хориглох боломжтой гэж мэдэгдсэн нь олны анхаарлыг татаад байгаа аж.
Тэрээр энэ тамхинаас үүссэн уушгины өвчнөөр өвдсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа болон долоон хүн нас барсны дараа энэ мэдэгдлийг хийсэн байна. Эрх баригчид ялангуяа, хүний сэтгэхүйд нөлөөлдөг каннабисийн хольцтой цахилгаан тамхийг хэрэглэж байгаад санаа зовж байгаа аж. Харин АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвөөс долоон хүн нас барсан тохиолдол Калифорни, Иллинойс, Индиана, Канзас, Миннесота, Ореган мужид бүртгэгдсэн гэж мэдээлжээ. Түүнээс гадна 36 мужид энэ тамхины улмаас уушгины өвчтэй болсон 400 гаруй хүн бүртгэгдсэн байна. Тиймээс эрх баригчид цахилгаан тамхи худалдахыг хориглосон шинэ хориг нь их чухал ач холбогдолтой гэжээ. Тухайлбал, Нью-Иорк хотод амттай цахилгаан тамхи худалдаалахыг хориглосон. Шинжлэх ухааны салбарт энэ өвчин болон тамхинд хэрэглэдэг тос ямар холбоотой болохыг тодорхойлохыг зорьж байгаа юм.
“New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлүүлсэн судалгаагаар 53 өвчтөний 84 хувь нь каннабистай тамхи татдаг болохыг тогтоосон байна. Мөн судалгаанд оролцсон өвчнүүдээс каннабисийн төрлийн 14 өөр бодис илэрсэн. Түүнээс гадна никотин хэрэглэсэн 13 хүн гарснаас өвчтөнүүдийн тэн хагасаас илүү нь “Данк Вапе” хэмээх бүтээгдэхүүн хэрэглэснийг онцолжээ.
Нью-Иорк хотын Засгийн газрын эрүүл мэндийн департаментын мэдээлснээр энэ нь уушгины өвчин үүсгэдэг Е витамин агуулсан цэвэрлэгээний тос ажээ. Е витамин нь арьсанд нэмэлт тэжээл маягаар хэрэглэхэд аюулгүй. Гэхдээ энэ тосоор амьсгалахад үзүүлэх үр дүн нь цахилгаан тамхи татсан шиг болдог эсэх нь тодорхойгүй байгаа юм. Харин эрх баригчид Е витамин агуулсан тослог зүйлс уушгины өвчинтэй холбоотой байж болно гэж үзжээ.
Хэдийгээр цахилгаан тамхины эсрэг тэмцэж байгаа ч хэрэглэгч, үйлдвэрлэгч байгаа учраас хэрэглээ нь нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал, Мексикийн Мехико хотод энэ тамхийг хэрэглэгчдийн гурав дахь уулзалт ирэх сард болох юм байна. Мөн VTC компанийн маркетингийн албаны дарга Рафаэль Флорес Вега “Ихэнх тохиолдолд цахилгаан тамхинд хордож байгааг хэрэглэгч өөрөө хариуцна. Бид ямар нэгэн хэрэглэгч АНУ-д хориотой бодистой цахилгаан тамхийг хэрэглэж байгааг хянаж чадахгүй” хэмээн онцолжээ.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин