Ли Көцян: Манай улсын ДНБ 13.6 их наяд ам.долларт хүрсэн нь дэлхийн эдийн засгийн 16 хувийг бүрдүүлж байна
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян 16-18-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа билээ.
Айлчлалын хүрээнд Ли Көцян болон ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев нар 2024 он гэхэд хоёр орны бараа эргэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран боловсруулах тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Ли Көцяны өнгөрсөн даваа гарагт “TASS” агентлагт өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Энэ жил Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Хоёр улсын 70 жилийн хамтын ажиллагааг хэрхэн тодорхойлох вэ. Ер нь хоёр улсын харилцааг хэрхэн харж байна?
-ОХУ-ын Ерөнхий сайд Медведевийн урилгаар Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын 24 дэх удаагийн ээлжит уулзалтад оролцохоор ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай байна.
ОХУ, БНХАУ бол хөрш орнууд. Түүнчлэн хоёр улсын харилцаа өнгөрсөн 70 жилийн хугацаанд нэлээд хурдацтай хөгжиж, түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Өнгөрсөн зургаадугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д айлчлахдаа хоёр улсын харилцаа стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн гэдгийг онцолсон.
Түүнчлэн манай хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл нь олон улсын тав.цан дээр нэгдсэн нэг байр суурь илэрхийлэхэд түлхэц болдог. Өнөөдөр ОХУ, БНХАУ хоёр улсын харилцааны өсөлт, хөгжлийн шинэ эхлэл дээр зогсож байна.
-Орос, Хятадын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт нь хоёр орны хамтын ажиллагааны чухал механизм. Тэгвэл хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь юу байх вэ?
-Хятад, Оросын Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалт өнгөрсөн хугацаанд 23 удаа зохион байгуулагдсан нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн жил хоёр улсын худалдаа 27.1 хувиар өсөж, анх удаа 100 тэрбум ам.доллар давсан. Энэ оны эхний хагасын байдлаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт өсөлттэй хэвээр байна.
Мөн хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй байгалийн хийн дамжуулах хоолой, төмөр зам, гүүрийн төслүүд дуусах шатандаа орж байна.
Хоёр тал ОХУ-ын Алс Дорнодын бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн төлөвлөгөө (2018-2024), Зүүн хойд Хятад, Оросын Алс Дорнод болон Байгалийн бүс нутгуудад хөдөө аж ахуйн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан харилцан гарын үсэг зураад буй. Хөх мөрний-Үүлгийн голын механизмын дагуу хөрөнгө оруулалтын гол төслүүдийн жагсаалтыг тогтмол хийж байна.
Энэ бүхэн нь хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үр дүнтэй нөлөө үзүүлж байгаа.
-Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашралтай байна. Эдийн засгийн өсөлт удааширч буй энэ үед БНХАУ нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөгөө өөрчлөх үү?
-Олон жилийн турш БНХАУ-ын эдийн засаг хурдацтайгаар өссөн. Өнгөрсөн жил ДНБ 13.6 их наяд ам.доллароор хэмжигдэж байсан нь дэлхийн эдийн засгийн бараг 16 хувийг бүрдүүлж буй юм. Энэ жилийн хувьд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 6-6.5 хувьтай байхаар байгаа.
Харин ажилгүйдлийн түвшин гурав орчим хувь байхаар байна. Ерөнхийдөө эдийн засгийн гол үзүүлэлтүүд хүлээлттэй нийцэж байна. Хэдийгээр эдийн засгийн өсөлт саарч байгаа ч бид иргэдийн орлогыг эдийн засгийн өсөлттэй уялдуулан тогтвортой барьж байгаа.
Манай улсын нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.долларт хүрсэн. Нэг хүнд ногдох орлогын хэмжээ жилд долоо орчим хувиар өсөж байгаа. Өнгөрсөн жилийн сүүлч гэхэд хөдөөгийн ядуу хүн амын тоо 16.6 сая болж буурсан. Тиймээс бид ирэх жил гэхэд ядуурлыг бууруулах зорилгодоо хүрнэ гэж найдаж байна.
Нөгөө талаас Хятадыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалт зогсолтгүй өссөөр байгаа. Одоогоор манай улсад бүртгэлтэй 110 сая аж ахуйн нэгж байгаа бөгөөд өдөрт дунджаар 19 мянга орчим аж ахуйн нэгж шинээр бүртгүүлдэг гэсэн судалгаа байна.
- Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил зорилтод түвшиндээ хүрэхгүй байх гэсэн таамаглалыг судлаачид дэвшүүлж байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна?
-Хятадын эдийн засгийн шилжилтийн үе эхэлж, олон асуудал гарч ирсээр байна. Гэхдээ шилжилтийн үе удаан үргэлжлэхгүй тул ирээдүйд эдийн засагт урт хугацааны өсөлт үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Хятадын зах зээлд асар их боломж бий.
Засгийн газрын зүгээс эдийн засгийн өсөлтөд саад болж буй бүхий л бэрхшээлийг арилгахад ихээхэн ач холбогдол өгч байгаа. Хэдийгээр эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа ч ажил эрхлэлтийн түвшин харьцангуй өндөр байгаа юм.
Өнгөрсөн жил л гэхэд 13 сая орчим ажлын байрыг шинээр бий болгосон. Үйлчилгээний салбар энэ оны эхний хоёр сард 8.1 хувиар өссөн. Үүнээс гадна дэлхийн эдийн засагт тогтворгүй байдал үүсэхээр үүнийг дагаад олон оронд эдийн засгийн тогтворгүй байдал үүсэж байгаа юм.
Өнгөрсөн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт сүүлийн 10 орчим жилийн дунджаас доогуур байсан. Дэлхийн эдийн засгийн өсөлт хангалттай бус байсан ч БНХАУ-ын эдийн засаг зорилтот түвшиндээ хүрсээр байсан гэдгийг онцолмоор байна.
-Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх хоёр улсын хооронд худалдааны маргаан дэгдээд байгаа. Таны бодлоор АНУ, БНХАУ-ын харилцааг сайжруулахын тулд юу хийж болох вэ?
-АНУ болон БНХАУ-ын хооронд маш өргөн хүрээг хамарсан ашиг сонирхлын зөрчил бий. Үүнийг үгүйсгэх ямар ч боломжгүй. Гэхдээ нөгөө талаас хоёр орны худалдаа 560 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй нь ашиг сонирхлын зөрчлөөсөө илүү нийтлэг ашиг сонирхол байгаа гэдгийг харуулж буй юм.
Хоёр улсын харилцааг эрүүлжүүлэхэд аль алиных нь хүчин чармайлт чухал. Бээжин АНУ-ын хөрөнгө оруулагчдыг Хятадын зах зээлд нэвтрэх боломж өгсөөр байгаа ч АНУ-ын талаас харилцан нээлттэй байдал дутагдаж байна.
-Улс төр, эдийн засгийн салбар дахь дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа бэрхшээлтэй тулгарах болсон энэ үед Хятад Улс ямар стратеги хэрэгжүүлэхээр төлөвлөж байна?
-Дэлхийн II дайнаас хойш улс орнуудад энх тайван тогтож, хөгжил цэцэглэлтийн замд орсон. Энэ үед эдийн засгийн даяаршил ч чухал нөлөө үзүүлсэн. Хятад Улс ч гэсэн эдийн засгийн даяаршилд нэгдсэн.
Үүний нөлөөгөөр 1978 онд дэлхийн эдийн засгийн ердөө 1.8 хувийг бүрдүүлж байсан манай эдийн засаг өнгөрсөн оны байдлаар дэлхийн эдийн засгийн 15.9 хувийг бүрдүүлдэг болоод байна. Мөн дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж, дэлхийн 130 гаруй оронтой эдийн засгийн хамтын ажиллагаа тогтоогоод байна.
Оросууд “Алхаж чадахгүй хүн унахгүй” гэж хэлдэг шиг эдийн засагт ч гэсэн олон бэрхшээл тулгардаг. Гэхдээ нэг уначхаад дахиад алхахаас айхгүй л байх хэрэгтэй. Манай улсын хувьд эдийн засгийн даяаршлыг дэмжсээр ирсэн. Цаашид ч дэмжих болно.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин