ОХУ сонгуульд хөндлөнгийн оролцоо орсон эсэхийг судална
ОХУ-д Москвагийн хууль хамгаалах байгууллага, Санкт-Петербург хотын захирагчийн болон орон нутгийн мужийн сонгууль уржигдар болсон. Харин Оросын парламентын доод танхимын энэ орны дотоод асуудалд бусад орны оролцоог судлах ажиллагааг хариуцсан комисс энэ сонгуульд АНУ-ын нийтийн цахим сүлжээний “Google”,”Facebook” компани оролцсон талаар баримтыг судална гэж комиссын дарга Василий Пискарев мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын Сонгуулийн төв комисс, Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэг эрхлэх “Росконадзор” байгууллага сонгууль болсон өдөр улс төрийн зар сурталчилгааг энэ хоёр компанийн үйлчилгээнээс олж илрүүлсэн гэж мэдээлжээ. Энэ хоёр байгууллага үүнийг нь ОХУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна. ОХУ-ын дотоод асуудалд бусад орны оролцоог судлах комиссын дарга Василий Пискарев “Манай комисс Сонгуулийн төв комисс болон “Росконаздор” байгууллагын мэдээлснээр АНУ-ын энэ хоёр компани хөндлөнгөөс сонгуульд оролцсон тухай баримтыг хянуур шалгана” гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Тэрээр “ Дараа нь энэ цуглуулсан баримтыг судалсны дараа комисс энэ хоёр компанийн төлөөлөгчдийн асуудлыг тодруулахын тулд хуралд оролцохыг урина” гэв. ОХУ-д болсон энэ сонгуулийн үеэр сөрөг хүчнийхнийг засаг захиргааны ялангуяа, Москвагийн Засгийн газарт нэрээ дэвшүүлэхийг хориглосныг эсэргүүцсэн жагсаал болоогүй учраас тайван болж өнгөрсөн байна. Сонгуулийн төв комисс Москвад сонгуульд оролцохыг уриалсан ч санал хураалтад оролцогчдын тоо дөнгөж 20 хувийг давж гарна гэж мэдээлжээ. Ерөнхийлөгч Владимир Путин саналаа өгсний дараа “Зарим оронд 30, 50, 100 нэр дэвшигч байдаг. Гэхдээ хэдэн хүн өрсөлдөж байгаа нь хамаагүй. Зөвхөн чанар нь чухал” гэж ярьсан байна. Гэхдээ түүний “Нэгдмэл Орос” намын нэр хүнд сүүлийн жилүүдэд унаад байгаа юм. Тиймээс Засгийн газартай холбоотой энэ намын нэр дэвшигчид бие дааж сонгуульд өрсөлдсөн байх магадлалтай ажээ. Харин сөрөг хүчний удирдагч Александр Навальный Нэгдмэл Орос намын нөлөөг багасгахын тулд комисст саналаа өгөхийг дэмжигчдээсээ хүссэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.9.10 МЯГМАР №179 (6146)