АНУ Хонгконгийн ХЭРЭГТ оролцох болов уу ?
"Хoнг Конгчууд ХОТОО АВРАХЫГ Дональд Трампаас хүслээ"
Өөртөө засах онцгой эрхээ хадгалж үлдэх гэсэн Хонг Конгчуудын тэмцэл 14 дэх долоо хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд ням гарагийн өглөө олон мянган хүн Хонг Конг дахь АНУ-ын консулын байрны гадна жагсаж, хотоо аварч өгөхийг ерөнхийлөгч Дональд Трампаас хүссэн байна.
“Ерөнхийлөгч Трамп, Хонгконгийг чөлөөлж өгөөч”, “Хонгконгийг дахин агуу болгооч” гэсэн уриа лоозон барьсан тэмцэгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас тусламж хүсч, тус улсын төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг нь дуулж байлаа.
Мөн жагсагчид консулын газарт өөрсдийн хүсэлт шаардлагыг гардуулж өгсөн байна.
Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп худалдааны гэрээ байгуулахаас өмнө Хонг Конгийн хямралыг хүмүүнлэг аргаар шийдэхийг Хятадын талд уриалж байсан юм. Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Хятадын дарга Ши Жиньпин бол ард түмэндээ хүндлэгдсэн агуу удирдагч. Би түүнийг Хонгконгод болж буй үйл явдлыг хүнлэг аргаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн жиргэж байсан юм.
Харин БНХАУ-ын зүгээс гаднын улс орнуудад өөрийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцуулахгүй байхыг удаа дараа анхааруулаад зогсохгүй АНУ, Их Британи зэрэг улс орнуудыг Хонгконгод болж буй эсэргүүцлийн жагсаалын ард дэмжлэг үзүүлж байгаа гэж буруутгаж байсан юм.