Жошуа Вонг: Бид Бээжингээс айж байна
Хонг Конгийн дунд болон их сургуулийн олон мянган оюутан, сурагч өнгөрсөн даваа гарагт хичээлдээ очоогүй байна.
Жагсаал зохион байгуулагчдын мэдээлснээр, хичээлийн шинэ жилийн эхний өдөр 200 дунд сургуулийн 10 мянган сурагч хичээлдээ очоогүй ажээ. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд жагсагчид болон цагдаагийн ажилтнуудын хооронд үүссэн сөргөлдөөн ихээхэн даамжирсан юм.
Бямба гарагт жагсагчид гар хийцийн бөмбөг шидэж, хотын парламентын барилга руу халдсан бол цагдаагийн ажилтнууд тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум, усан буу ашиглаж, анхааруулах гал нээсэн.
Хонг Конгийн жагсаал цуглаан 14 дэх долоо хоногтоо үргэлжилж буй нь энэ юм. Эсэргүүцлийн жагсаалыг тэргүүлэгчдийн нэг нь 23 настай Жошуа Вонг билээ. Тэрбээр 18 настайдаа ахлах ангийн сурагчдын бүлгэмийг тэргүүлэн “Шүхэрт хувьсгалд” оролцож явсан нэгэн. Мөн шашны сургуулийн 14 настай сурагч байхдаа хичээлийн хөтөлбөрт коммунист үзэл суртал ханхалсан хөтөлбөр нэмэгдсэнийг эсэргүүцэн 120 мянган хүүхдийг жагсааж амжилтад хүрч байсан.
Одоо түүнийг дэлхий даяараа мэддэг болсон. Түүний “www.voanews.com’’-д нийтлэгдсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Яагаад Хонг Конгийн залуус БНХАУ-ын талаар сөрөг бодолтой явдаг юм бол. Та өөрийн твиттерээрээ дамжуулан “Сэжигтэн шилжүүлэх” тухай хуулийн төслийг цуцлах болон Керри Ламыг огцруулахаас илүүтэйгээр 2047 оноос хойш Хонг Конг яах вэ” гэдэг нь чухал асуудал хэмээсэн байсан. 2047 онд Хонконг эх газрын Хятадын мэдлээс гарч, эрх чөлөөтэй бие даасан орон болно. Гэтэл та ирээдүйд болох энэ үйл явдалд яагаад санаа зовниод байгаа юм бэ?
-Бид Бээжингээс айж байна. Одоо ч маш олон идэвхтэн Шинжаанд хоригдож байгаа. Хууль тогтоогчдоос эхлээд номын худалдаачин, гадаадын сэтгүүлчдийг хүртэл Бээжин барьж хорьдог. Тийм ч учраас сүүлийн үед дэлхий дахин “Нэг улс, хоёр системийг” “Нэг улс нэг болон хагас систем” хэмээн хошигнох болсон.
-Бээжин Хонг Конгийн ойролцоо цэргийн хүчин байрлуулаад байгаа. Та болон эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Тяньмэний талбайд болсон шиг зүйл болох вий гэдгээс айж байна уу?
-Хонг Конг руу цэрэг илгээснээр эсэргүүцэгчдийг дуугүй болгож чадахгүй. Гэхдээ хүмүүс Тяньмэний аллага шиг зүйл болж магадгүй гэж үзэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Түүнчлэн дэлхийн улс орны удирдагчид хонг конгчуудыг хамгаалаасай гэж хүсэж байна.
-Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр таныг болон тантай хамтран зүтгэгчдийг өнгөт хувьсгал эхлүүлж байна хэмээн буруутгаж байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна?
-Бид зөвхөн хүний үндсэн эрх болох удирдагчаа сонгуулиар сонгодог болохыг л хүсэж байгаа шүү дээ.
-Олон удаагийн өргөн хүрээ хамарсан жагсаал зохион байгуулснаар Хонг Конг Азийн эдийн засгийн төв гэх статусаа алдаж болохоор эрсдэл үүсээд буйг дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд онцлох болжээ. Энэ талаар таны санаа зовниж байна уу?
-Хэрэв “Хэрэгтэн шилжүүлэх” тухай хууль батлагдвал Хонг Конгийн улс төр, эдийн засгийн эрх чөлөө устах болно. Энэ талаар Худалдааны ерөнхий танхим ч мэдэж байгаа.
-Хэрэв Хонг Конгийн засаг захиргаа жагсагчдын зүгээс тавих таван шаардлагыг биелүүлнэ гэвэл ямар шаардлага тавих вэ?
-Хонг Конгийн засаг захиргаа таван шаардлага хүлээн авна гэвэл энэ засаг захиргааны онцгой бүс нутагт гайхамшиг болно.
-2014 оны “Шүхэрт хувьсгал”-аас энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал ямар ялгаатай вэ?
-Энэ удаа бид хүний эрхийн төлөө илүү хүчтэй тэмцэж байгаа. Бид цаашид ч тэмцлээ үргэлжлүүлэх болно.
-Таны бодлоор “Шүхэрт хувьсгал” бүтэлгүйтсэн үү. Энэ хувьсгалаас юу сурсан бэ?
-Олон нийтийн дэмжлэг чухал юм байна гэдгийг ойлгосон. “Шүхэрт хувьсгал”-ын үеэр бид 400 мянгуулаа байсан бол одоо хоёр сая болоод байна.
-Эсэргүүцлийн жагсаалыг удирдаж байгаа Алекс Чоу, Натан Хуль болон өөрийг чинь АНУ, Их Британи, Тайваньд суралцахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл байна. Хэрэв та бүхэн суралцахаар явбал эсэргүүцлийн ажиллагаа хэрхэн үргэлжлэх вэ?
-Натан Хуль Иельд, Алекс Чоу “Berkeley’’-д сурахаар төлөвлөж байгаа. Харин миний хувьд одоохондоо гадагшаа явж сурах төлөвлөгөө алга. Бээжингийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд л иймэрхүү хуурамч мэдээлэл цацаж байгаа байх.
-Та өөрийн твиттерээрээ дамжуулан БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй биечлэн уулзах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байсан. Хэрэв уулзахаар болвол түүнд юу гэж хэлэх вэ?
-БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хонг Конгт ирж, жагсагчидтай уулзах хэрэгтэй. Хэрэв тэр ирвэл бид дуу хоолойгоо хүргэж чадна.
-БНХАУ-ын Засгийн газар Хонг Конгийн залууст боловсрол олгох тал дээр ихээхэн анхаарал хандуулдаг ч залуу үеийнхний итгэлийг яагаад олж чадахгүй байна вэ?
-Учир нь тэд авторитар засаглалтай. Харин бид авторитар засаглалд итгэдэггүй.
-Хонг Конг залуусын олонх нь өөрсдийгөө хятад гэж хэлүүлэх дургүй талаар сонссон?
-Хонг Конгчууд угсаа гарвалын хувьд хятад байж болох ч өөрсдийгөө Хятадын иргэн гэж үздэггүй.
-Яагаад?
-Хэрэв бид эх газрын Хятад руу орвол тэд биднийг баривчилж, хорих болно. Тийм учраас л бид Хятадын иргэн байхыг хүсэхгүй байгаа юм.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин