В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа ТӨВ ТАЛБАЙД болно
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2019.09.02/ үдэш тусгай үүргийн онгоцоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Түүний албан ёсны айлчлал өнөөдөр/2019.09.03/ эхлэх бөгөөд Халх голын ялалтын 80 жилийн ойн баярт уригдсан тэрбээр манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж буй нь энэ юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг албан ёсоор угтах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.09.03/ 13.00 цагт Сүхбаатарын талбайд болно.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Тухайлбал, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын шинэчилсэн гэрээнд хоёр тал гарын үсэг зурах юм. Энэхүү суурь хэлэлцээрийн дараа 11 гэрээ, хэлэлцээр байгуулах тухай яригдаж байгаагийн тав нь байгууллага хоорондын хэлэлцээр аж.
Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нар айлчлалын хүрээнд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлд оролцохоор төлөвлөж буй юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар 40 орчим минут ганцаарчилсан уулзалт хийнэ.