Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ
АНУ, БНСУ-ын цэргийн хамтарсан сургууль дууссаны дараа уулзалт хийхийг санал болгосон захидлыг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унаас хүлээн авснаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Ойрын хугацаанд уулзалт хийхэд бэлэн байгаагаа Д.Трамп цохон тэмдэглэжээ. Түүнчлэн Ким Жөн Ун ойрын зайн тусгалтай баллистик пуужин харвасандаа хүлцэл өчсөн хэмээн Д.Трамп мэдэгдсэн байна.
БНАСАУ бямба гарагт ямар төрлийнх нь тодорхойгүй хоёр пуужин Япон тэнгисийн чиглэлд харвасан тухай өмнө нь мэдээлсэн билээ. АНУ ойрын хоёр долоо хоногийн хугацаанд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээндээ эргэн орох бодолтой байна хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өмнө нь мэдэгдсэн юм.