АНУ Ираны Гадаад хэргийн сайдад хориг тавив

2019 оны 8 сарын 02

Arslan.mn

АНУ-ын Сангийн яамнаас Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифын эсрэг хориг арга хэмжээ авсан талаар ВВС мэдээллээ. Ингэхдээ ноён Зарифын АНУ дахь аливаа хөрөнгийг битүүмжлэх бөгөөд АНУ-аас эдгээр хөрөнгийг удирдах эрхийг нь “царцаасан” байна. Сангийн сайд Стивен Мнучин “Жавад Зариф нь Ираны Дээд удирдагчийн балмад тунхаглалыг хэрэгжүүлж байна” гэж мэдэгдсэн юм. Ноён Зариф өөрийн твиттер хуудастаа “АНУ миний эсрэг хориг авч хэрэгжүүлсэн нь тунхаглалыг өөрсдөд нь аюултай гэж үзсэнийх юм. “АНУ намайг онилсны шалтгаан нь би дэлхий дахинд Ираныг төлөөлж буй хүн. Энэ тийм чухал зүйл гэж үү. Хэрэгжүүлсэн арга хэмжээ нь надад болон миний гэр бүлд огтхон ч нөлөөлөхгүй. Учир нь надад Иранаас өөр газарт ашиг сонирхол болон хөрөнгө байхгүй. Намайг энэ тунхаглалд заналхийлнэ гэж үзсэнд баярлалаа” гэж жиргэсэн байлаа.

Иран болон АНУ-ын хоорондын харилцаа 2015 оноос хойш ихэд хурцадмал байдалд орсон юм. Учир нь Ираны цөмийн үйл ажиллагааг хязгаарлахаар АНУ байнга оролдлого хийдэг нь үүнийг улам ч дэвэргэжээ. Сүүлийн үед ийнхүү өрнөсөөр буй хориг арга хэмжээ болон санаа зовоосон үйл явдлууд нь Персийн буланд цэргийн хүчний мөргөлдөөн болох вий гэсэн айдсыг бас бий болгоод байна.

Өчигдөр АНУ ОХУ, Хятад болон Европын улс орнуудыг Ирантай хийх иргэний цөмийн хамтын ажиллагааны хэлцлээс үргэлжлүүлэн чөлөөлөхөө мэдэгдсэн юм.

Цагаан ордны аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон “Хэлцлээс чөлөөлөх хугацааг 90 хоногоор сунгасан. Бид энэ цөмийн үйл ажиллагааг ойроос ажиглаж байна” гэжээ. Ноён Мнучины тайлбарлаж буйгаар ноён Зариф нь Ираны дэглэмийг дэлхий дахинд төлөөлж буй хамгийн чухал хүн юм. “АНУ өөрийн үйлдлээрээ Ираны дэглэм, өнөөгийн шинж төлөв нь хүлээж авах боломжгүй хэмжээнд хүрсэн гэдгийг тод томруунаар илэрхийлсэн мессеж юм. Энэ цаг үед Ираны дэглэм нь Ираны иргэдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг хориглож, улмаар Гадаад хэргийн сайд Жавад Зариф нь энэ дэглэмийг дэлхий дахинд ухуулан сурталчилж, буруу мэдээлэл дамжуулж байна” гэж ноён Мнучин хэлжээ.

Ж.ЦОГЗОЛМАА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.8.2  БААСАН  №153  (6120)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606353
0 эможи

keyboard_arrow_up