Дэлхийн II дайнд 14 сая хүний амийг аварсан цахим эриний эцэг Алан Турингийн бодит түүх
Гүтгэлэг, доромжлолын ард олон жилийн турш үнэн түүх нь дарагдсан түүнийг энэ удаагийн “Дэлхийг өөрчлөгч эрхмүүд” цувралдаа онцолж, ололт амжилт, тэмцлээр дүүрэн амьдралын түүхийг нь уншигч та бүхэнтэй хуваалцаж байна.
Английн нэрт математикч, компьютерын шинжлэх ухааны эрдэмтэн, логикч, философич, онолын биологич Алан Туринг хэрэв байгаагүй бол технологийн өндөр дэвшилтэт өнөөгийн дэлхий ертөнцийг төсөөлөхөд ч бэрх. Тэрээр өндөр хурдны тооцоолон бодох машин буюу компьютерын суурийг тавьж, анхны алгоритмыг зохиосон уг шинжлэх ухааны эцэг бөгөөд тухайн үедээ дийлдэшгүй мэт байсан Нацист Германы шифрлэгч “Энигма” төхөөрөмжийн нууцлалыг амжилттай эвдсэнээр Дэлхийн II дайнд холбоотнууд ялалт байгуулахад асар их нөлөө үзүүлж, олон сая хүний амийг аварсан агуу нэгэн билээ.
Алан Туринг амьд ахуйдаа ижил хүйстэндээ татагдах билгийн чиг хандлагаасаа болж гүтгэгдэн, гадуурхагдаж өөрийн хүртэх ёстой нэр алдар, гавьяаг эдэлж чадаагүй аж. Харин хожим нь 2013 онд Их Британийн Хатан Хаан эх орныхоо өмнөөс албан ёсоор түүний гэр бүлээс уучлалт хүсэж, хүн төрөлхтний өмнө байгуулсан агуу үйлийг нь үнэлэн баатар цол нөхөн олгосон байна. Мөн Их Британийн Төв банк өнгөрсөн даваа гаригт шинээр хэвлэн гаргахаар болсон 50 фунт Стерлинг дээр Алан Турингийн хөргийг үүрд мөнхөлж хүндэтгэл үзүүлэх шийдвэр гаргаад байгаа юм.
Алан Матисон Туринг нь 1912 оны зургадугаар сарын 23-нд Английн нийслэл Лондон хотод мэндэлжээ. Түүний аав тухайн үед Английн колони байсан Энэтхэгийн төрийн албанд ажилладаг, худалдаачин гаралтай нэгэн бол ээж нь Энэтхэгт төрсөн Английн өндөр угсаа гаралтай нэгэн байжээ.
Эцэг эх нь үргэлж Англи-Энэтхэгийн хооронд албан ажлаар зорчдог байсан тул түүний хүүхэд нас Энэтхэгийн армийн тэтгэвэрт гарсан генерал өвөө болон, Энэтхэгийн Мадрас мужийн төмөр замыг бүтээн байгуулсан ээжийнхээ талын аав нар дээр Англид өнгөрчээ.
Хүн төрөлхтний ирээдүйг олон арван жилээр урагшлуулсан түүний гоц ухаан нь балчир наснаас нь л тодрон гарсан гэдэг. Алан Туринг зургаан насандаа сургуульд элсэн орсон бөгөөд энэ үеэс багш нар нь түүний математик, юмсын логик дэс дарааг олох чадвар болон шинжлэх ухаанд зориулагдсан хурц ухааныг нь олж харжээ. Сургуулийнх эрхлэгч нь 13 настай Алан Турингийн хүмүүжлийн талаар эцэг эхэд нь хаягласан захидалдаа “Би түүний гоц ухаан манайх шиг энгийн сургуульд хий дэмий өнгөрч байгаад харамсаж байна. Хэрэв тэр жирийн сургуульд үргэлжлүүлэн сурсаар байвал бусадтай л адил энгийн боловсрол олж авах болно. Тиймээс би та бүхнийг түүнийг тусгай сургуульд суралцуулж цаашид шинжлэх ухааны чиглэлээр хөгжүүлэх нь илүү дээр болов уу гэж зөвлөж байна” гэжээ.
Гэвч тэрээр энгийн сургуульд үргэлжлүүлэн сурсан бөгөөд ердөө 16 насандаа урд өмнө нь ямар ч агуу математикчдын бүрэн тайлбарлаж чадаагүй хэд хэдэн тэгшитгэлийн учрыг олж дөнгөжээ. Алан Туринг ердөө 19 насандаа Кембриджийн их сургуулийн математикийн ангид элсэн орсон бөгөөд 22 насандаа төвийн хязгаарын теоремыг баталснаар нэгдүгээр зэргийн одонгоор шагнагдаж нэр алдар нь эрдэмтдийн дунд түгж, хүндлэгдэх болжээ. Кембриджийн их сургууль 2012 онд түүний 100 насны төрсөн өдрийг хүндэтгэн тэмдэглэж, компьютерийн шинжлэх ухааны салбар сургуулиа түүний нэрээр нэрлэсэн байна.
Алан Туринг 1936 онд Лондон хотын математикчдын нийгэмлэгийн сонинд “Аливаа тоолж болохуйц өгөгдлийг тооцоолон бодож тоон утгаар илэрхийлэх нь” гэх хоёр цуврал судалгааны ажил нийтлүүлсэн нь хожим хүн төрөлхтний анхны компьютер буюу “Турингийн машин” болжээ. Үүний дараа тэрээр АНУ-ын Принстоны их сургуульд докторын зэрэг хамгаалж, логик утгыг компьютерт тооцоолон бодох дэс дарааллыг томьёолсон нь тооцоолон бодох машины гол цөм болсон алгоритм болсон юм.
Турингийн машин
Үүний дараа Дэлхийн II дайн дэгдэж тэрээр Нацист Германы холбоо, тагнуулын кодлогдсон мэдээг тайлж унших нууц багт татагдсан байна. Засгийн газар түүнд урд өмнө хэн ч нууцлалыг нь эвдэж чадаагүй Германы Энигма шифрлэгч машинаар кодлогдсон мэдээнүүдийг тайлж унших даалгавар өгсөн аж. Ердөө 27 настай тэрээр Английн хамгийн шилдэг математикчид, криптаналистуудыг удирдан хөшигний ард өрнөх дайнд заавал ялах шаардлагатай болжээ.
Алан Туринг өөрийн багаа хэд хэдэн хэсэгт хувааж Энигма машиныг эвдэх олон өөр аргыг нэгэн зэрэг туршиж эхэлжээ. Тэрээр шифрлэгчийг тайлах нууцыг маш хялбархан олсон гэдэг. Гэвч зөвхөн нэг захидлыг тайлж уншихад ямар ч алдаагүй боддог 100 математикч бүтэн жил бодолт хийх шаардлагатай байжээ. Тиймээс тэрээр Турингийн машиныг бодит болгох хүсэлтийг Засгийн газарт тавьсан байна. Хэдий дайны хүнд нөхцөл байдалд энэ бүхэнд зориулж их хэмжээний мөнгө гаргахад бэрх байсан ч олж илрүүлэх тагнуулын мэдээллийг бодолцон олон сая фунт стерлинг гаргаж маш эрчимтэйгээр анхны компьютерыг бүтээж эхэлсэн аж.
Тухайн үед Германы усан цэргийн хүч холбоотнуудыг далайд жинхэнэ сүйрүүлж, бүрэн хяналтаа тогтоогоод байжээ. Үүнээс болж холбоотнууд түлшний хомстолд орсон нь дайны явцыг тэдний хувьд таагүй болгож байсан аж. Тиймээс Алан Турингийн багийн нэн тэргүүний ажил нь Германы цэргийн нууцлагдсан мэдээллийг замаас нь хулгайлж шумбагч хөлөг онгоцнуудын байршлыг илрүүлэх явдал болсон байна.
Харин Турингийн машин ажиллаж эхэлмэгц тэд Энгима машинаар шифрлэгдсэн ямар ч мэдээг Алан Турингийн боловсруулсан алгоритмын тусламжтай түргэн хугацаанд задалж уншиж эхэлсэн аж. Тэд цэргийн өндөржүүлсэн хамгаалалт доор, маш нууц байдлаар ажиллаж, илрүүлсэн нууц мэдээллээ зөвхөн нэгхэн тагнуулчид гардуулан өгөх журамтай байжээ. Дайны нөхцөл байдалд эргэлт хийж болох маш нууц материалыг бусдад алдахаас хамгаалах зорилготой өөр маш олон ч арга хэмжээ авагддаг байсан аж.
Нууц оффис
Гэвч Алан Турингийн баг Энигма машины нууцлалыг эвдэх ажилд амжилт гаргаж эхэлмэгц Засгийн газрын өндөр албан тушаалтнууд Германы шумбагч хөлөг онгоцнуудыг шууд бөмбөгдөхийг завдсан байна. Аз болж энэ үед Алан Туринг тэднийг ятгаж чадсан бөгөөд хэрэв Германчууд маш өндөр нууцлал бүхий кодлогдсон мэдээг нь илрүүлж уншсан талаар гадарлах төдийд л өөр төрлийн шифрлэгч бүтээж тэдний ажил юу ч үгүй болох байжээ. Ингэснээр түүний багийн ажил нууц чигээрээ үлдэж дайны туршид ойролцоогоор 14 сая хүний амь насыг аварсан гэж үздэг.
Алан Турингийн баг Энигмагийн нууцлалыг анх удаа эвдэж чадсанаас хойш, тэдний илрүүлсэн мэдээлэлд тулгуурлан Англичууд цэргийн стратегиа боловсруулж, дараагийн алхмаа төлөвлөх болсон байна. Тэд Германчуудад шууд цохилт өгөлгүй байршлаас нь зугтах замыг сонгох болсноор түлш, зэр зэвсэг, бараа таваарыг усан замаар аюулгүй тээвэрлэх болсноор дайны нөхцөл байдлыг өөрсдөдөө давуу болгож ашиглах болжээ.
Түүний баг байрлаж байсан нууц байгууламж нь Лондон хотоос 60 гаруй километрийн зайд байрлаж байсан аж. Сонирхолтой нь тэрээр оюутайн байхдаа холын зайн гүйлтийн муугүй тамирчин байсан бөгөөд Английн олимпын багт багтах дөхсөн ч бэртлийн улмаас спортоо орхижээ. Тиймээс Алан Туринг Лондонд уулзалтад орох шаардлагатай болбол 60 гаруй километр зайг гүйж туулдаг байжээ.
Тэрээр иймэрхүү хурлын үеэр Засгийн газарт байх хэд хэдэн өндөр албан тушаалтантай санал зөрөлдөх болсон байна. Учир нь тэд өөрсдийн хүчээр бий болгосон код тайлах аргаа бусад холбоотнуудтай хуваалцахгүй гэж байжээ. Харин Алан Туринг өшөө олон хүний амь насыг аврахын тулд холбоотон улсууддаа технологио зааж өгөхгүй юм гэхэд ядаж илрүүлсэн мэдээллээ хуваалцдаг байх хэрэгтэй гэсэн байр сууриасаа болж улс төрийн зарим хүрээлэлд харийн тагнуулч хэмээн хардагдах болжээ. Гэвч тэрээр тухайн үеийн Английн Ерөнхий сайд асан Уинстон Черчиллийг ятгаж чадсанаар дайны үед АНУ-д нэг жил гаруй туршлага судалж шифрлэгдсэн мэдээ тайлах байгууламжийг шинээр бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулжээ.
Энэ үедээ тэрээр Америкийн зарим технологиуд тэднээс хамаагүй өндөр төвшнийх болохыг анзаарч чадсан нь хожим Англичуудад маш их хэрэг болжээ. Учир нь өөрсдийн нууцлалаа алдсан гэдгийг гадарласан Нацистууд хоромхон хугацаанд илүү дэвшилтэт шифрлэгч зохион бүтээжээ. Гэсэн ч Алан Турингийн баг үүний учрыг ядах зүйлгүй олж чадсан нь Дэлхийн II дайны дунд үед холбоотнуудын хувьд эргэлтийн цэг авчирсан олон шийдвэрт нөлөөлжээ.
Ингээд Германчуудын нууцлалыг тайлах ажилд нэгэнт амжилт гаргасан түүнд Английн засгийн газар радио мэдээг нууцлах шинэ даалгавар өгсөн байна. Энэ бол түүний өмнөх ажлаас тэс өөр ч зарчмын хувьд ижил байсан учир хурдан хугацаанд амжилт гаргаж чадсан аж. Хэдий Алан Туринг хөшигний ард болж буй дайны хаанчлагч байсан ч нэг ч удаа биеэ тоож байгаагүйгээр үл барам өөрийн дайсан Германы эрдэмтдийн бүтээлийг хүртэл бишрэн, хүндэлдэг нэгэн байсан нь түүний үлдээсэн судалгааны ажлуудаас харагддаг байна.
Энэ бүхэн 2012 он хүртэл Их Британийн төв архивд маш нууц хэвээр хадгалагдсан юм. Тийм ч учраас Алан Турингийн талаар ойлгомжгүй, эргэлзээтэй зүйлс олон гарах шалтгаан болсон байдаг. Тэрээр өөрөө ч маш нууц төсөл дээр ажиллаж байснаа ухамсарлан хувийн архиваа нууцалж, Ричард нэрээр мэдээлэл дамжуулан, насан туршдаа ам алдахгүй явах шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл Алан Турингийн дуурсагдаагүй агуу гавъя нь нэр хүнд нь сэвтэх, судалгааны ажлууд нь хэвлэгдэхгүй хэнд ч хэрэггүй цаас болон үлдэх амьдралын замд оруулсан юм.
Тэрээр дайны дараа Кембридж болон Манчестерийн их сургуулиудад компьютерын шинжлэх ухааны хичээл орох болжээ. Үүнийхээ хажуугаар хүн төрөлхтний ирээдүй компьютер гэдгийг ухаарч үүнийг бүх нийтийн хэрэглээ болгох анхны судалгааны ажлуудыг эхлүүлсэн байдаг.
Алан Туринг 1941 онд Германы шифрийг эвдэх нууц багт хамтран зүтгэж байсан Жоан Кларк гэх математикч бүсгүйтэй гэр бүл болсон юм. Харамсалтай нь тэдний амьдрал удаан үргэлжлээгүй. Учир нь тухайн үед Алан Туринг өөрийгөө ижил хүйстнээ сонирхогч гэдэгтэйгээ эвлэрснээр эмэгтэй хүнтэй гэр бүл болж өөрийгөө өнгөлөн далдлахгүй байхаар шийджээ. Дайны дараа тэрээр Арнолд Муррей гэх залуутай хайр сэтгэлийн холбоотой болж, хамт амьдрах болсон байна.
Нэгэн удаа тэдний гэрт хулгай гарч Алан Туринг энэ талаар цагдаад мэдэгдсэн аж. Харамсалтай нь хэргийн газар шалгалт хийж, байцаалт авсан цагдаагийн ажилчид тэднийг ижил хүйстэн болохыг мэдээд ял тулгасан байна. Тухайн үед Их Британид ижил хүйстнүүдийг хуулиар хориглож, хатуу арга хэмжээ авдаг байжээ. Тэд Алан Туринг болон Арнолд Муррей нараас ямар ч тайлбар авалгүй шүүхээс шууд хорих ял оноосон байна. Гэхдээ Алан Турингийн эрдмийн зэрэг, албан тушаалыг бодолцон үзэж гэрийн хорионд оруулах шийдвэр гаргажээ. Үүгээр зогсохгүй гэрийн хорионд байх хугацаанд нь эмч нарын хатуу хяналт доор гормоны эмчилгээг хүчээр хийх шийтгэл оногдуулсан аж.
Мөн түүний хийж байсан бүх ажлууд дайны дараа улсын нууцад хамаарах болж, Алан Турингийн гавьяаг ил дурсах ямар ч боломжгүй болжээ. Их Британийн Засгийн газар дээрх хэрэг явдлаар шалтаглан өмнө нь маш нууц төслүүд дээр ажиллаж байсан түүний бүх судалгааны ажлыг битүүмжилж, гадаад оронд зорчих эрхийг нь хязгаарласан байна.
Ингээд 1954 оны зургадугаар сарын 8-нд Алан Туринг ердөө 41 насандаа гэртээ нас барсан байдалтай байхыг нь гэрийн үйлчлэгч нь анх олж, цагдаад мэдэгджээ. Тэрээр нас бараад нэг хоносон байсан бөгөөд үхлийн шалтгааныг нь албан ёсоор цианидаар өөрийгөө хордуулж, амиа хорлосон гэж бүртгэсэн байна. Алан Турингийн цогцос олдсон гэрт хэргийн газрын үзлэг хийх үед нас барсан байсан орных нь дэргэдээс тал идсэн алим олджээ. Гэвч шинжээчид тус алимыг цианидтай байсан эсэх шинжилгээ хийлгүйгээр амиа хорлосон гэж дүгнэжээ.
Үүнээс болж түүний гэр бүл болон Алан Турингийн түүхийг судлаачид энэ бүхэн Английн Засгийн газрын захиалгатай улс төрийн аллага байсан гэх таамаг дэвшүүлдэг. Түүний ойр дотнынхны батлан хэлдгээр хэдий тэрээр бүх юмаа алдаж, нэр хүндгүй болсон ч нас барахаасаа өмнө маш тун цовоо сэргэлэн байж, Английн Блейкпүүл дэх наран шарлагын газарт амрахаар төлөвлөж байжээ.
Английн програмист Жон Грам-Кумминг гэх эр 2009 онд Их Британийн Засгийн газар нэрт математикч, компьютерын эцэг Алан Турингийг бэлгийн чиг хандлагаар нь гадуурхан яллаж, хүчээр гормоны эмчилгээ хийснийхээ төлөө албан ёсоор уучлал гуйх ёстой гэх өргөдөл гаргаж 30.000 хүний гарын үсэг цуглуулжээ. Үүний дараа тухайн үеийн Английн Ерөнхий сайд асан Гордон Браун албан ёсоор уучлалт хүсэж “Засгийн газрын зүгээс Алан Турингд хийсэн бүхэн маш ичгэвтэр, аймшигтай үйлдэл байсан. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэвчишгүйгээр доромжлогдон, гадуурхагдсан. Тэр бүх цаг хугацааг буцааж болохгүй нь тун харамсалтай. Алан Туринг бол нэр нь хэзээ ч дуурсагдаагүй даруу, агуу баатар нэгэн байсан. Англи улс болон өнөөгийн иргэд түүнд үүнээс ч илүү хүндлэл үзүүлэх ёстой” гэж мэдэгдсэн байна.
Үүний дараа 2012 онд түүний 10 насны төрсөн өдрийг тохиолдуулан мөн л тухайн үеийн Английн Ерөнхий сайд асан Жеймс Камерун Алан Турингийн гэр бүлээс уучлал хүссэн юм. Харин 2013 онд Их Британийн хатан хаан түүнд баатар цол нөхөн олгож Стефен Хокинг тэргүүтэй Английн өөр арван агуу эрдэмтдийн хамтаар Лордуудын танхимд нэрийг нь үүрд мөнхжүүлж, сэвтсэн нэр төрийг нь албан ёсоор сэргээсэн байна.
Хэдий тэрээр амьд ахуйдаа хүртэх ёстой гавьяа шагналаа хүртэж чадаагүй ч түүний хийсэн, үлдээсэн бүхэн орчин үеийн дэлхий ертөнцийг тэр чигт нь өөрчилж чадсан юм. Хамгийн гайхалтай нь тэрээр өнөөгийн цахим эриний суурийг тэртээ дайны хүнд хэцүү жилүүдэд тавьсан билээ.
Эх сурвалж: itoim.mn
|