Газын зурваст хамгийн их цус урсгасан тулаан өчигдөр болжээ
Израилийн армийнхан Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаагаа улам эрчимжүүлж байна. Энэ сарын эхээр Газын зурваст Израилийн арми цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн. Өчигдөр хамгийн их цус урсгасан тулаан болж, хоёр талаас амь үрэгдэгсдийн тоо эрчимтэй нэмэгдсээр байгаа аж. Өнгөрсөн бямба гарагийн орой Израилийн хүчнийхэн Газын зурвас руу газраар илүү хүчтэй довтолж, өчигдөр шөнө агаараас цохилт өгчээ.
Израилийн армийн мэдэгдсэнээр, бямба гарагаас хойш 13 цэрэг амь үрэгдсэн байна. Сүүлийн хэдэн жилийн дотор тус улсын армиас ийм олон цэрэг нэг хоногт амиа алдсан тохиолдол гараагүй аж. Палестины албаны хүний мэдэгдсэнээр, ням гарагт Газын зурвасын 87 хүн, тэдний дотор энгийн номхон иргэд амь үрэгджээ. Газын зурваст Израиль агаараас цохилт өгч эхэлснээс хойш амь үрэгдсэн палестинчуудын тоо 425 болж, халдлагаас дайжин Газын зурвасаас 20 мянга орчим хүн дүрвэсэн байна.