АНУ-ын тэргүүн хатагтайн төрөлх хотод хөшөөг нь босгожээ
АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп нь Словени улсаас гаралтай хүн билээ. Словенийн Севница хот бол тэргүүн хатагтайн төрсөн газар бөгөөд тус хотынхон өөрийн хамгийн алдартай охиноор бахархаж, Меланиа бялуу, Меланиа зөгийн бал зэрэг брэнд бүтээгдэхүүнүүдийг гаргаж байв.
Мөн тэргүүн хатагтай болсных нь дараа Севница хотыг зорьж ирэх гадаадын жуулчид ч нэмэгджээ.
Тэгвэл тус хотынхон өчигдөр буюу Баасан гарагт дэлхий дээр цорын ганц Меланиагийн хөшөөг босгосноо нээсэн байна.
Америкийн концепцийн урлагийн төлөөлөгч, 39 настай Брэд Дауни орон нутгийн уран бүтээлчидтэй хамт уг хөшөөг босгожээ. Байгаль дээр байсан модыг цахилгаан хөрөөгөөр сийлж босгосон уг хөшөө 2017 онд Дональд Трампыг тангараг өргөх үед Меланиа хөх өнгийн хүрэмтэй, зүүн гараараа даллаж зогсоо байдлыг харуулсан байна.
Хөшөөний өвөрмөц хийц хүмүүсийг хоёр хуваагаад байгаа гэнэ. Зарим нь хөшөөг урлагийн бүтээл гэж үзэж байгаа бол зарим нь үзэмж муутай, мануухай гэж шүүмжилжээ.
Ямартай ч Меланиаг “нөхрөө АНУ-ын ерөнхийлөгч болгож чадсан Словенийн баатар” гэж үздэг Севница хотынхон түүнд зориулсан хөшөөтэй болсныг дэмжиж байна.
Эх сурвалж: IKON.MN
|