Украйны агаарын замаас татгалзаж байна
“МН17” онгоцны ослоос үүдэн дэлхийн зарим орны агаарын тээврийн компаниуд Украины агаарын замаас татгалзаж эхэлжээ. “МН17” онгоц сүйрдэг өдөр Украйны агаарын замаар нэг ч авиа компанийн онгоц нисэлгүй бүгд тойрч байсан аж.. Харин өчигдрийн байдлаар БНСУ, Япон, Филиппин, Канад, Их Британи, АНУ, ОХУ, Австрали, Чех, Бразил улсын авиа компаниуд Украины дотоодын хямрал цэгцрэх хүртэл агаарын замыг нь ашиглахаас татгалзаж буйгаа мэдэгдсэн байна.
Солонгосын “Korean Airlines” компанийн удирдлагууд “МН17 онгоцны сүйрлийн дараа зорчигчид айдаст автсан. Манай компанийн хувьд Европын орнуудад хүрэх хамгийн дөт, өртөг багатай чиглэл бол Украины агаарын зам байсан. Харин ослын дараа зорчигчдынхоо өмнө хүлээсэн эрх үүргийнхээ хүрээнд ийнхүү өөр орны агаарын замыг ашиглахаар боллоо. Украины хямрал хурдан цэгцрэх байх гэж найдаж байна" хэмээн мэдэгджээ.
Мөн Малайзын “Malaysia Airlines” компанийн хувьцаа 41 хувиар доошилж, ирэх оны эхээр эдийн засгийн хувьд доод хэмжээнд хүрч, дампуурах аюултай байгааг эдийн засагчид сануулж байгаа бөгөөд тус компани ирэх сард ажилчдынхаа 20 хувь буюу 1400 гаруй ажилчнаа халахаа мэдэгдсэн юм.