Жек Ма-гийн санал амьдралд хэрэгжих үү?
Дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлогоороо үндэсний ялгарлаа бүтээж байна. Энэхүү ялгарал гээч зүйл нь тухайн ард түмнийг оршин тогтнох зах зээлийн үндэс суурь, амжилтын хөтөч болдог гэж судлаачид үздэг юм билээ.
Тэгвэл манай гаригт хөдөлмөрч, зүтгэлтэй, тууштай байдлаараа хятадууд толгой цохиж буй. Урд хөршийн “луунуудад” ажлын таван өдөр, ажлын найман цаг хэзээнээсээ л чамлалттай байсан болохоор хуанли дахь стандарт хуваариар явж ирсэн гэвэл худлаа болно. Яг энэ сэдвийг амьдрал болгож, цаасан дээр баталгаажуулах алхмыг Бээжингийн баялаг бүтээгчдийн нэг Жек Ма дэлхийд танилцуулсан нь дуулиан болон үргэлжлэх төлөвтэй.
Онлайн сүлжээн дэх хамгийн том дэлгүүр “Алибаба”-г үндэслэгч, Хятадын тэрбумтан тэрээр өнөөгийн бидний ажлын өдрүүд, бас ажлын цагийг “хийх зүйлээ аргацаасан хуваарь болчихсон” хэмээн шүүмжилж байна. Бидний ажлын цаг, өдөр нь ч цөөхөн учраас өсөлтийн хурдаа нэмж чадахгүйд хүрээд байна хэмээн тэрбумтан эр харж байгаа аж. Түүний үзэж буйгаар одоо цагийн хүн төрөлхтөн ажлын зургаан өдөрт 09.00-21.00 цаг хүртэл ажиллаж чадахгүй л бол ядуурах гэнэ.
Үүнийгээ тэрээр “996-гийн систем” хэмээн нэрлэсэн бөгөөд олон улсын хэвлэл даяар мэтгэлцээний гол сэдэв болоод байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт ноён Ма энэ талаараа “Хятадын эдийн засаг асар их боломжоо алдаж байна” хэмээн онлайн сүлжээнд бичсэн байдаг. Урд хөршийн эдийн засгийн өсөлт 1970-2000 онд дунджаар 10 хувиас буурч байсан түүх үгүй. Гэтэл сүүлийн хэдхэн жилийн дотор 25 он дамнасан энэ амжилт дөнгөж зургаан хувьд л багтахтай, үгүйтэй болжээ.
Ийнхүү эдийн засаг нь хумигдахыг дагаад олон ч хүн ажлаа алдаж, компаниуд үүд хаалгаа хаасан жишээ зөндөө бий. Гэхдээ санхүүгийн “зуд”-ыг хэтэвч дүүрэн даваад гарсан хүн ч бас байна. Тухайлбал, Бээжингийн интерперенүүдийн нэг, 1998 онд “JD.com” сайтыг үндэслэн байгуулсан Луй гэхэд хоногийн 24 цагийн турш хэрэглэгчдэдээ хэрэгтэй мэдээллийг нь хүргэхийн төлөө ажилладаг аж.
Тэрээр цахим хуудастаа “Манай сайтын үйл ажиллагаа сүүлийн 4-5 жилд буураагүй. Бид нэг ч ажилтнаа халаагүй. Харин ч орон тоогоо нэмсээр байна” гэж бичсэн байв.
Харин ноён Ма-гийн хувьд “Алибаба” сайтыг дэлхийн хамгийн том онлайн дэлгүүр болтол нь хөгжүүлж чадсан алдартан. Энэхүү компанийн зах зээлийн үнэлгээ өдгөө 490 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бол Жек Ма-гийн хувийн хөрөнгө нь 40 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөнгө үйлдвэрлэгч хамгийн том үндэстэн даяар ийм хэлэлцүүлэг өрнөж байна.
Ж.Цогзолмаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин