Израйлийн домогт тагнуулч 92 насандаа таалал төгсжээ
Холокостын гол архитектор Адольф Эйхманыг олж баривчлах ажиллагааг зохион байгуулж байсан Израйлийн домогт тагнуулч Рафи Эйтан 92 насандаа таалал төгсжээ.
Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху түүнийг “Израйлийн тагнуулын албаны баатар” байсан хэмээн дурссан байна.
Тус улсын тагнуулын алба Моссадын захирал Ёсси Коэн мэдэгдэлдээ Эйтаны оролцсон маш олон нууц ажиллагаа олон нийтэд ил болоогүй өнгөрснийг дурджээ.
Тэр “Улс орныг үүсгэн байгуулах эхний жилүүдэд Рафи Эйтаны тавьсан үндэс суурь одоо ч Моссадын хувьд чухал тулгуур болдог” хэмээн мэдэгдсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Аргентин руу оргон гарсан Адольф Эйхманыг илрүүлэн баривчлах ажиллагааг 1960 оны тавдугаар сард гүйцэтгэж байв. Түүнийг Израйльд авчирч олон сая жүүд хүнийг аймаглан устгасан хэргийг нь шүүж, 1962 онд дүүжилсэн юм.
Рафи Эйтан бүр 12 настайгаасаа жүүдийн партизаны бүлэгт элсэж, тухайн үеийн Британий эзэмшилд байсан Палестинд Европоос жүүдүүдийг нууцаар нүүлгэн ирүүлэх ажиллагаанд оролцдог байжээ.
Сүүлд 1981 онд Иракийн Осирак дахь цөмийн реакторыг устгах ажиллагаанд оролцож байсан юм.
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Эйтан Израйлийн хууль тогтоох байгууллага Кнессетэд сонгогдож, 2009 он хүртэл тэтгэврийн асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж байжээ.
Эх сурвалж: ikon.mn
|