Герман ирэх 19 жилд нүүрсээр ажилладаг бүх цахилгаан станцаа хаана
Дэлхийн хамгийн их нүүрсний хэрэглээтэй орнуудын нэг болох Герман улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх олон улсын зорилтыг биелүүлэхийн тулд ирэх 19 жилийн хугацаанд нүүрсээр ажилладаг 84 цахилгаан станцаа хаахаар болжээ. Энэ тухай тус улсын Засгийн газар мэдээлэв. Ингэснээр 2038 он гэхэд Герман улсад нүүрсээр ажилладаг нэг ч цахилгаан станц байхгүй болно. Үүний оронд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах юм.
Герман нь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах үйл ажиллагаагаараа Европын орнууд дундаа тэргүүлж байсан. Гэсэн ч сүүлийн жилүүдэд тус улс тавьсан зорилтоо биелүүлж чадахгүй удаашралд ороод байгаа билээ. Германы нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд тус улсын нийт эрчим хүчний 40 хувийг бүрдүүлдэг ажээ.
2011 онд Японы Фүкүшимад осол гарсны дараа Герман улс 2022 онд гэхэд цөмийн бүх цахилгаан станцуудаа хаах шийдвэр гарган, нүүрснээс татгалзаж, эрчим хүчний хатуу бодлого баримталж эхэлсэн юм.
Тухайн үед бизнес эрхлэгчид уг шийдвэр нь эрчим хүчний үнийг өсгөж, эрчим хүчний дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг сулруулна гэж Засгийн газрыг шүүмжилж байлаа. Гэсэн ч Германы засгийн газар цөмийн 19 цахилгаан станцын 12-ийг өнөөг хүртэл хаагаад байна.
Герман нүүрс болон цөмийн цахилгаан станцуудаас татгалзсанаар 2040 он гэхэд тус улс эрчим хүчний хэрэглээнийхээ 65-80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Өнгөрсөн онд тус улсын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нүүрснээс гаргадаг эрчим хүчний хэрэглээг давжээ. Ийнхүү сэргээгдэх эрчим хүч нийт эрчим хүчний хэрэглээний 41 хувийг хангаж байна.
1990 оны эхээр Герман улсын нүүрсхүчлийн хийн ялгарал мэдэгдэхүйц буурчээ. Энэ нь коммунист Зүүн Германы төвлөрөлт болоод асар их бохирдол үүсгэдэг үйлдвэрүүд зогссонтой холбоотой аж.
Эх сурвалж: GOGO.MN