Н.Назарбаеваар 30 жил удирдуулсан Казахстаны ЭДИЙН ЗАСАГ
1991 оноос хойш улсаа удирдсан Нурсултан Назарбаев өнөөдөр /2019.03.20/ Ерөнхийлөгчийн албан тушаалаа албан ёсоор хүлээлгэн өгч байна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоос нэг жилийн өмнө 79 насандаа 30 шахам жил хашсан албаа хүлээлгэж өгснөөр, Казахстаныг дараагийн жилүүдэд хэн удирдах вэ гэдэг асуулт мэдээж анхаарал татна. Нэг хүний “ноёрхол”-ын он жилүүд улс төр, нийгэм, эдийн засгийн байдалд хэрхэн нөлөөлсөн нь мэдээж сонирхолтой сэдэв. Н.Назарбаев 1991-2015 онд Ерөнхийлөгчийн сонгуульд таван удаа нэр дэвшихдээ 81-98.8 хувийн саналаар таван удаа ялалт байгуулж байжээ. Тус улсад сонгууль шударга бус явагддаг талаар өнгөрсөн жилүүдэд олон улсын хэвлэлүүд цөөнгүй мэдээлсэн байдаг. Түүнийг албан тушаалаа хүлээлгэж өгөх болсонтой холбоотойгоор АНУ зэрэг тэргүүлэгч эдийн засгуудын зүгээс байр сууриа илэрхийлэхдээ стратегийн түнш орны хувьд цаашдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх байр суурьтай байгаагаа мэдэгдэж байна.
Тэгвэл Н.Назарбаевын гучаад жил удирдсан Казахстан орны эдийн засгийн өнгө төрх өнөөдөр ямар байгаа талаар тодруулъя.
ТЭДНИЙ ЗОРИЛГО
Дундад азид эдийн засгийн чадавхиараа тэргүүлэгч тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 1990–2017 оны хооронд 236.60 тэрбум ам.доллараар өсчээ. Харин ДНБ-ийх нь өсөлт иргэдийнх нь бодит амьжиргааны түвшинд жинтэй нөлөө үзүүлж байна уу гэдэгтэй холбоотой шүүмжлэлүүд бий.
Дэлхийн банкнаас жил бүр танилцуулдаг “Бизнес эрхлэхүй 2015” жагсаалтад Казахстан улс 77 дугаар байрт бичигдэж байв. Тэгвэл энэ жил “Бизнес эрхлэхүй 2019” жагсаалтад 28 дугаарт бичигджээ. Мөн Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн өрсөлдөх чадварын индексийн 2017-2018 оны тайланд 57 дугаарт Казахстан улс эрэмбэлэгдсэн үзүүлэлттэй байна.
Н.Назарбаев 2014 оны арваннэгдүгээр сарын 11-нд “Нурли жол” илгээлтээ танилцуулж, эдийн засгийн шинэ бодлого хэрэгжүүлэх гэж буйгаа зарлаж байв. Мөн тус улс байгалийн баялгийг үр ашигтай ашиглаж, зохистой хуваарилахад чиглэсэн Ногоон эдийн засгийн бодлого хэрэгжүүлэхэд тууштай ажиллаж буй. Н.Назарбаевын санаачлагаар “ногоон” эдийн засагт шилжих үзэл баримтлал боловсруулагдан гарч байв. Тус үзэл баримтлал нь Казахстаны ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах замаар шинэ бүтэцтэй эдийн засагт шилжихэд чиглэсэн. Дэлхийн өндөр хөгжилтэй 30 орны тоонд орох зорилттой. Эхний шатанд, 2013–2020 онд Ногоон дэд бүтцийг бий болгохоор ажиллаж буй бол 2020–2030 онд байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, өндөр технологид суурилсан сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхэд, 2030–2050 онд Аж үйлдвэрийн гурав дахь хувьсгал руу шилжих зорилтуудыг тусгажээ.
КАЗАХСТАН УЛС БАЯЛГИЙН НӨӨЦӨӨРӨӨ ДЭЛХИЙД ХЭРХЭН ЭРЭМБЭЛЭГДДЭГ БОЛОХЫГ ХҮРГЭЕ
- Газрын тос- 12
- Нүүрс -8
- Төмрийн хүдэр -12
- Уран -2
- Хөнгөн цагаан -14
- Молибден – 11
- Хром -1
- Цайр -7
- Алт -10
- Мөнгө – 5
- Зэс -13
- Тугалга -11
ТЭГВЭЛ ТУС УЛС ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР ДЭЛХИЙД ХЭРХЭН ЭРЭМБЭЛЭГДДЭГ ВЭ?
- Газрын тос- 18
- Нүүрс -10
- Төмрийн хүдэр -13
- Уран -1
- Хөнгөн цагаан -11
- Молибден – 12
- Хром -3
- Цайр -9
- Алт -18
- Мөнгө –12
- Зэс -11
- Тугалга -10
КАЗАХСТАН УЛСЫН ТАТВАРЫН ОРЧНЫГ ОХУ, БНХАУ-ТАЙ ХАРЬЦУУЛАХАД
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь Казахстанд 20 хувь, ОХУ-д 20 хувь, БНХАУ-д 25 хувь байна.
- Нэмүү өртгийн албан татвар Казахстанд 12 хувь, ОХУ-д 18 хувь, БНХАУ-д 17 хувь
- Хөрөнгийн татвар Казахстанд 1.5 хувь, ОХУ-д 2.2 хувь, БНХАУ-д хөрөнгийн үнэлгээний 1.2 хувь, Түрээсийн талбайд 12 хувь
ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
2005 оноос хойш, аж үйлдвэрийн салбарт орж ирсэн ГШХО-ын нийт хэмжээ 23.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2010-2014 онд, аж үйлдвэрийн салбарын ГШХО 17.6 тэрбум ам.доллар байсан нь 2005 оноос хойш хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 74 хувь гэж бүртгэгджээ.
Хөрөнгө оруулахад дараах байдлаар Гаалийн татвараас чөлөөлдөг.
- Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаанд, гэрээг бүртгүүлснээс хойш 5 жилээс хэтрэхгүй, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг хэрэгслийг гаалийн татвараас чөлөөлнө.
- Үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс шалтгаалж, хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн сэлбэг хэрэгсэл, түүхий эд материалыг 5 хүртэлх жилийн хугацаанд импортын гаалийн татвараас чөлөөлнө.
2014 оноос хойш Засгийн газраас баталсан Тэргүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалтын төсөлд олгох урамшуулал гэж гарч ирсэн.
- ААН-ийн орлогын албан татвар /10 жил/
- Газрын татвар /10 жил/
- Хөрөнгийн татвар /8 жил/
КАЗАХСТАНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮЛЭХ САЛБАРУУД
- Төмөрлөгийн салбар: Хар төмөрлөг, Өнгөт төмөрлөг
- Химийн үйлдвэрлэл: ХАА-н химийн үйлдвэрлэл, Аж үйлдвэрт ашиглах химийн бодисны үйлдвэрлэл
- Петро-химийн үйлдвэрлэл: Газрын тосны боловсруулалт, Петро-химийн үйлдвэрлэл
- Машин механизм: Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэл, Цахилгаан тоног төхөөрөмж, ХАА-н машин механизмын инженерчлэл, Төмөр замын машин механизмын инженерчлэл, Уурхайн тоног төхөөрөмж, Газрын тос олборлох тоног төхөрөөмж; газрын тос, хий боловсруулах тоног төхөөрөмж
- Барилгын материалын үйлдвэрлэл
- Хүнсний үйлдвэрлэл
Казахстан нь газар зүйн байршлаараа зүүнээс баруун, хойноос урагшаа чиглэлтэй транзитын үндсэн замуудын байгалийн зангилаа болдог. “Баруун Европ – Баруун Хятад”-ын тив дамжсан транзит автозам Казахстанаар дамжин өнгөрөх бөгөөд тус замаар ачаа барааг Хятадаас Европ руу 10 хоногт тээвэрлэх боломжтой аж.
Эх сурвалж: ZINDAA.MN
|